• Эхлэл
  • Сүхбаатар: Монголын хоёр дахь хот

Сүхбаатар: Монголын хоёр дахь хот

2026/11/06

Манай удирдлагууд хот байгуулалтын том зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Улаанбаатарыг илүү зохион байгуулалттай болгон хөгжүүлэх санаачилга дахин төлөвлөлтөөс эхлэх гэнэ. Энэ үйл явц цаашид илүү тодорхой үр дүн авчрах боломжтой. Хархорум, Майдар, Хүннү хотууд ид яригдаж буй. Эдгээр санаачилга монголчуудын хот байгуулалтын ойлголт, туршлагыг гүнзгийрүүлж, цогц, орчин үеийн хот бүтээх суурь болж байна.

Улаанбаатар хотын товч түүх

Хот бол зах зээл дагаж хүн ам төвлөрсөн суурин газар. Улаанбаатар 387 жилтэйгээ золгож байгаа ч 21 удаа нүүж, 1778 онд Алтан тэвшийн хонхорт бүрэнмөсөн суурьшжээ. Шалтгаан нь их рационал. Манж, Хаант Орос хоёр Нэрчүүгийн гэрээндээ 1727 онд нэмэлт, өөрчлөлт оруулж худалдаа наймааны үндсэн нөхцөлөө тохирсноор 1729 онд Сэлэнгийн Алтанбулаг сумын буурин дээр Маймаачин хот үүсчээ. Маймаачинг зорьсон Цайны замын жинчид их говийг гаталж Туулын эрэг, Богд уулын хормойд амсхийдэг өртөө Алтан тэвшийн хонхорт аяндаа үүссэн нь Улаанбаатар хот бүрэлдэх үндсэн нөхцөл байлаа.

Эрчим хүч ба хот

Хот нь хүн амын нягтралаас гадна аж үйлдвэр, үйлчилгээ, худалдаа төвлөрсөн; бүх төрлийн зам, цахилгаан, ус, дулаан, харилцаа холбооны дэд бүтэц хөгжсөн; сургууль, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн байгуулалтай суурин газар. Аж үйлдвэрийн үндэс нь эрчим хүч. Аж үйлдвэр нь хүн амын нягтралын шалтгаан. Хүн амын нягтрал нь хот гэгдэх нэг шалгуур юм.

Эрчим хүч ба аж үйлдвэр

Улаанбаатарт мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах Аж үйлдвэрийн комбинат байгуулахаар ЗХУ-аас 22 атмосферийн даралт, 350-400 градусын халуун уур гаргадаг ЗВГ загварын хоёр зуух, 1000 кВт-ын чадалтай AEG маркийн турбогенератор суурилуулан 1934 оны хоёрдугаар сарын 26-нд үйлдвэрт цахилгаан, дулааны эрчим хүч өгснөөр монголчууд үйлдвэрлэлийн аргаар арьс, шир, ноос боловсруулдаг болсон. Аж үйлдвэрийн комбинатыг дагаад ажилчин анги хэмээх нийгмийн шинэ давхрага үүсч Улаанбаатарын хүн ам хурдтай өсчөө.

Тусламж ба үйлдвэржилт

Улаанбаатар хотноо (1956.08.29) “БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурав. БНХАУ-ын Засгийн газар БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтээр 1956-1959 онд 160 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтжээ. Тусламжийн хүрээнд ноосон нэхмэлийн, цаасны, байшин үйлдвэрийн, наамал банзны, шаазан ваарын шилний үйлдвэр, түүнчлэн ногоон талбай, зоорь, спортын талбай, зам, гүүр, орон сууц, дотуур байр гэх мэт 14 төрлийн бүтээн байгуулалт хийхээр тохирсон аж.

Эрчим хүч ба Сүхбаатар

935 Цаасны фабракийн цаас үйлдвэрлэх цех 1960

Сэлэнгийн Сүхбаатар суманд Шүдэнзний фабрик, Мод боловсруулах комбинат байгуулах ажил өрнөж тэдгээрийг цахилгаан, дулаанаар хангах шаардлага үүсчээ. Ингээд 1956 оны Хятад, Монгол хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар 4000 кВт-ын ДЦС-ыг барьж 1958 оны арванхоёрдугаар сарын 22-нд ашиглалтад оруулав. Тус станц Шанхайд үйлдвэрлэсэн ЩС-20/39 маркийн гурван зуух, Румын улсын Рещица хотод үйлдвэрлэгдсэн АП-31 маркийн хоёр уурын турбинтэй. ДЦС-аас өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах 8 км хос шугам татаж, дэд станцаар Сүхбаатар болон Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур сумдыг цахилгаанаар, Мод боловсруулах комбинатыг дулааны эрчим хүчээр хангах болжээ. Тус ДЦС-ын зуух нь Мод боловсруулах комбинатын модны хаягдал болон үртсийг түлшинд ашиглах техологитой байв.

Эрчим хүч ба мэдээ

4.Ажилчдын байр.1959.03.27

Сэлэнгэ аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Бямбадорж Үнэн (1956.01.24 №20) сонинд бичсэн “Сэлэнгэ аймгийн хөдөлмөрчдийн 1955 онд олсон амжилт” мэдээ бусад аймгийнхаас онцын ялгаагүй. Өссөн мал, авсан хадлан, самнасан ноолуур, хяргасан ноос, цохисон тос гэх мэт агуулгатай. Харин ДЦС байгуулагдан шинэ тутам үйлдвэр, фабрик, комбинатуудыг хангах болсноор Сэлэнгэ аймгийн амжилт ололтын мэдээ чүдэнз, цаас, модон эдлэл, гурил гэх мэт аж үйлдвэрийн төрөл бүрийн бүтээгдэхүүнээр баяжиж бусад аймгийн жилийн эцсийн тайлангаас эрс ялгарч ирсэн байдаг.

Эрчим хүч ба Сүхбаатар хот

Сүхбаатар хот.Үнэн.1959.04.01.№78(7212)

Төмөр зам ашиглалтад орох хүртэл Маймаа хот буюу Алтанбулагтай хоршсон импорт, экспортын хаалга болж явсан Орхон голын Цагаан эргийн усан боомт бол Сэлэнгийн Сүхбаатар сум юм. Тус боомтод орон нутгийн анхны ДЦС байгуулагдан фабрик, завод, үйлдвэр байгуулагдан, тэдгээрийн ажилчдын байр сууц баригдан Улаанбаатарын дараа орохуйц хүн амын төвлөрөл бүрэлджээ. Энэ эдийн засаг, нийгмийн бүтцийг нь харгалзан 1959 оны дөрөвдүгээр сарын нэгэнд БНМАУ-ын Ардын Их Хурлын III чуулганаар Үндсэн хуулийн 11 дүгээр нэмэлт өөрчлөлт оруулан Сүхбаатарыг хотын статустай болгосноор Монгол хууль ёсоор хоёр хоттой болов.

Эрчим хүч ба түүхэн тохиол

Үнэн 1957.07.24

ДЦС2 буюу Толгойтын цахилгаан станцыг 1958 оны 12 дугаар сраын 29-ний өдөр БНМАУ ба БНХАУ-ын засгийн газруудын хооронд байгуулсан гэрээний дагуу барьж байгуулах ажил 1960 оны гуравдугаар сараас эхэлж, 1961 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19:20 цагт залгаж Толгойтын мах комбинат, тоосгон заводод анхныхаа цахилгаан гүйдлийг өгчээ. Толгойтын цахилгаан станцыг байгуулсан “Тяньжин электрик повер констракшн” компани Сүхбаатарын ДЦС-ыг 1958 онд барьсан юм. Сүхбаатарт 70МВт-ын ДЦС-ын байгуулсан Камбожийн хаант улсад бүртгэлтэй Ми Тайм групп Улаанбаатарт ДЦС5-ыг барих шалгаруулалтад тэнцсэн нь түүхэн тохиол юм. Ми Тайм групп нь Зүүн өмнөд Азид үйл ажиллагаагаа явуулдаг. Малайз, Сингапур, Лаос, Вьетнамд  салбартай том тоглогч.

Эрчим хүч ба мөрөөдөл

Capture20261104180137

Ми Тайм группийн барьсан 70МВт-ын “Сүхбаатар ДЦС” нь дулааны эх үүсвэр нь доголддог Сүхбаатарт дулаан ирээдүй амалж байна. Ердөө 7.2 км дулааны шугам татахад Сүхбаатар тасралтгүй найдвартай дулааны эрчим хүчээр хангагдана. Эрчим хүч дагаж үүсдэг асар их боломжийг аймаг, сумын удирдлагууд бүрэн ашиглахаар Сүхбаатарт шинэ суурьшлын бүс төлөвлөжээ. Түүх яагаад эрчим хүч хотын хувь заяаг эргүүлдэг байсныг сануулна.

Нийтлэлч Д Батбаяр


Сэтгэгдэл байхгүй байна