Засгийн газраас иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэх, өрхийн орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгоор “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 суманд 567 айлын төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25 мянгад хүргэх бөгөөд 2027 оноос хувийн хэвшилтэй хамтран 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, шинээр 16 мянган өрхийг зээлд хамруулахаар төлөвлөж, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны зээлийг дэмжих юм.
Хөтөлбөр иргэдийг орон сууцтай болоход тулгардаг санхүүгийн хүндрэл, төлбөрийн дарамтыг багасгахын зэрэгцээ орон сууцны нийлүүлэлтийг нэмэх, хот байгуулалт, төлөвлөлтийг иргэдийн хэрэгцээ, амьдралын чанарт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа. Мөн төрөөс иргэдийн сарын орлого, төлбөр төлөх чадвартай нь уялдуулсан орон сууцны борлуулалтын төрлийг нэмэх, гэр хорооллын иргэдийг тэргүүн ээлжинд орон сууцанд хамруулах, ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэх, сонгон шалгаруулалтыг төрийн оролцоогүй байхаар, сүүлийн үеийн ухаалаг системээр ил тод нээлттэй зохион байгуулна. Энэхүү хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх бодлого, санхүүжилтийн шийдэл, иргэдэд үзүүлэх үр дүнг танилцуулсан юм.



Сэтгэгдэл байхгүй байна