• Эхлэл
  • Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ

Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ

2026/11/05

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /Kazinform/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийг огцруулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлж магадгүй гэж CNN мэдээлснийг Кazinform агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч дамжууллаа.

Бүгд Найрамдах нам /БНН/ Конгрессын завсрын сонгуульд ялагдсаны дараа парламентын зарим гишүүд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлсэн байна. Ираны эсрэг дайныг эхлүүлэх нь зөв гэж Хегсет ерөнхийлөгч Д.Трампыг ятган үнэмшүүлсэн бөгөөд ингэхдээ хямралаас гарах тодорхой стратегийн бодлого боловсруулаагүй, дайны улс төрийн үр дагаврыг тооцоогүй байсан хэмээн сайдыг буруутгаж байгаа ажээ.  

Ираны тал бууж өгөх шинж тэмдгүүд ажиглагдахгүй байх үед АНУ-ын цэргийн боломжийг хэт өндрөөр үнэлж, хямралыг даамжруулахыг дэмжсэн гэж Хегсетийг шүүмжлэх болсон байна. Үүний улмаас Ираны эсрэг дайн сунжирсан мөргөлдөөн болон хувирч, эдийн засгийн асуудлууд хүндэрч, сонгогчдын сэтгэл дундуур байдал даамжирчээ.   

Үүнээс үүдэн БНН-аас сонгогдсон Конгрессын гишүүн Томас Мэсси Конгрессын үйл ажиллагаа дахин эхэлмэгц Хегсетэд импичмент зарлах асуудлаарх санал хураалтыг санаачлан явуулахаар төлөвлөж байна. БНН-ын зарим гишүүдийн үзэж байгаагаар, байлдааны ажиллагааны зорилго, хугацаа, үр дүнг буруу тооцоолсныхоо төлөө сайд хариуцлага хүлээх ёстой. 

Харин Ерөнхийлөгч Трамп Батлан хамгаалахын сайдыг өөрийн засаг захиргааны шилдэг ажилтнуудын нэг гэж үзсэн хэвээр байгаа бөгөөд түүний огцруулах гэж байгаа тухай дам яриаг няцааж байна.

Өмнө нь мэдээлснээр, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдэхдээ, БНН завсрын сонгуульд ялагдсан гол шалтгаан бол Ираны эсрэг дайн гэсэн билээ. 

 


Сэтгэгдэл байхгүй байна