• Эхлэл
  • Сонгуулийн санал авах өдөр архи зарахгүй

Сонгуулийн санал авах өдөр архи зарахгүй

2016/06/27

Өнөөдөр 00.00 цагт сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогсох ёстой. Үүнтэй зэрэгцээд гурав хоног архи тамхи зарахгүй гэсэн яриа дэгдэж эхэлжээ. Мөн санал авах өдөр зах, дэлгүүр ажиллах эсэх, дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэх талаар эргэлзээтэй яриа гараад байгаа. Ингээд энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Б. Түвшинтөгсөөс  тодрууллаа. Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй  байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

-Санал авах өдөр архи согтууруулах ундаа зарахгүй гэсэн байх аа, эсвэл гурав хоног зарахгүй юм уу?

-Өмнө нь бид энэ талаар албан ёсны мэдээллийг хүргэж байсан. Захирамжид зааснаар, сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.  Тиймээс энэ өдөр зохион байгуулах ямар ч арга хэмжээнд  холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгохгүй.  Мөн олныг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй. Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.  Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллана.   
  
-Зах, худалдааны төвүүд ажиллах уу? 

- Зургаадугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод,  модон  материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн  7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлсэн байгаа


Мөн Замын цагдаагийн газраас УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 29-ний лхагва гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 8.2-т "Сонгуулийн санал авах өдөр нийтээр амарна" гэж заасан байдаг.

Тиймээс бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журмын дагуу лхагва гаригт бүх автомашинууд хөдөлгөөнд хэвийн оролцоно гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна