Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-уудын уулзалт, семинар энэ сарын 10-11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд боллоо. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2013-2016 онд хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд энэ уулзалтыг зохион байгуулжээ.
Уулзалтыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн Үндэсний захирал Б.Болдбаатар нээв.
Тэрээр, “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” үндэсний чуулганыг Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2015 оны 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Тус чуулганаар нутгийн удирдлагад тулгамдаад байгаа нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд буюу нутгийн удирдлагад засаглалын эрх мэдлийн тэнцвэрийг хангах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар нутгийн удирдлагын хариуцлагыг дээшлүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх, нутгийн удирдлагын өмчлөлийг шийдвэрлэх замаар бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар судлаачдын тавьсан илтгэл, шийдлийн хувилбаруудыг авч хэлэлцсэн юм. Улмаар “Нутгийн удирдлагын тогтолцоо”, “Чиг үүргийн хуваарилалт”, “Нутгийн удирдлагын эрх зүйн шинэтгэл” гэсэн гурван салбар хуралдааныг хийж, орон нутгийн удирдлагад тулгарч буй асуудлууд, чуулганаас гарах завлөмжийг дэлгэрэнгүй авч хэлэлцлээ.
Ингээд тус чуулганд тавигдсан нээлтийн болон үндсэн илтгэлүүд, салбар хуралдааны тэмдэглэл, чуулганаас гарсан зөвлөмжийг нэгтгэн “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” хэмээх эмхэтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна. Энэ эмхэтгэл хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид, судлаачид ашиглах чухал эх сурвалж болно” гэлээ.
Мөн тэрээр нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж буй ИТХ-уудын төлөөлөгчдөд амжилт хүсч, харилцан туршлага судлахын зэрэгцээ нутгийн удирдлагад иргэний оролцоог нэмэгдүүлж, сайн туршлагыг дэлгэрүүлэхэд энэ уулзалт ач холбогдолтой болохыг онцолсон юм.
Үүний дараа Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны Дэд захирал хатагтай Габриэлла Спирли үг хэлэв. Тэрээр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан, системтэй сургалт зохион байгуулдаггүй байсан. Харин өнөөдөр үндэсний хэмжээнд 8000 гаруй хурлын төлөөлөгч суурь сургалтын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин, хурлын хэлэлцүүлэг, төсөв, төлөвлөлт, ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт, байгаль орчны менежмент зэрэг чухал асуудлаар мэдлэг, чадвараа дээшлүүллээ. Эдгээр сургалт хурлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд дотоод үйл ажиллагааг нь сайжруулах, иргэдэд илүү нээлттэй, тэдний өмнө хариуцлагатай байх явдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн болохыг тэмдэглэсэн юм.
Төслөөс хэвлэсэн “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл чуулганы илтгэлийн эмхэтгэл”, “ИТХ-ыг дэмжих тэтгэлгийн сайн туршлага” мөн “ИТХ-ын сайн туршлага” номуудын нээлтийн ажиллагааны дараа “Нутгийн удирдлагад иргэний оролцоо” сургалтын агуулга, хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, төлөөлөгчид харилцан туршлага судалсан юм.
Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалтаар төлөөлөгчид нутгийн удирдлагын талаарх иргэний боловсролын сургалтын хөтөлбөрийг танилцаж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын туршлагыг судалсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна