Ерөнхийлөгчийн хөлөглөсөн агаарын хөлөг Астанад газардаж байлаа. Аэрпортын оройд “Нурсултан Назарбаев аэрпорт” гэсэн хаяг дурайна. Амьд хүний, тэгэх тусмаа огцорсон Ерөнхийлөгчийнхөө нэрэмжит болгочихож хэмээн яриа тэрүүхэн хавьдаа монгол зочдын дунд өрнөв. Хэлцгээж байнаа. “Бага хулгайж л дээ”, “Улсаасаа хулгай бага хийжээ”, “Тэгээд л нэр нь цэвэр үлдчихэж” гэж. Монголынхоо улс төрчдөд тодорхойлолт өгөөд байх шиг. Энд мэдээж Монгол, Казахстаны улс төрчдийг харьцуулах гээгүй.
Зүгээр л... Зүгээр л уул уурхай, ашигт малтал, эрдэс баялгаасаа Назарбаев хулгай хийгээгүй (яг нарийндаа бүү мэд!) гэдгийг баримт түшин өгүүлэх гэж байна. Яагаад гэвэл улс нь хөгжчихсөн, хөгжлийнхөө гараан дээр ид яваа, хөгжлөө дагаад казахуудын зовхи дээшээ, дэлхийд хэнээс ч ичихгүй, айхгүй болчихсон, гадаад хамтын ажиллагаандаа хэний ч боол болохгүй хэмжээнд оччихсоныг нь би дор баримт хэлхэж ойлгуулах санаатай. ДНБ нь явж өгсөн, ядуурал гуйланчлал байхгүй, иргэд нь тэтгэвэрийн ба цалингийн өр ширгүй, хот нь цэмцгэр, цэлгэр, агаар нь ариун, хүн ардынх нь ая тух...хэлэх юм алгаа!
Назарбаев гэдэг хүн амьд нь амьд аа. Хаана оршин суудгийг нь лавласангүй. Гэхдээ нэрэмжит байлгаад байхыг бодохул энэ цаг үед лав түүхийн хог дээр хаяхгүйдэг ээ! Казахстаны ДНБ-ийг хүн ам тутамд хуваасан үзүүлэлтээр бол Назарбаев нь алтаар хөшөөгөө босгуулахын наахна оччихсон ч юм шиг. Хуучин Зөвлөлтийн БНУ-ын дотор нийгэм-эдийн засгийн бүх үзүүлэлтээр Европын Холбооны гишүүн Балтийн гурван улсыг эс тооцвол ОХУ-ын дараа хоёрдугаарт явж байна, Украины дайны өмнөхний үзүүлэлтээр шүү. Кавказын гурван улс, Белоруссыг ардаа орхисныг ярилтгүй. СССР-ээс аж үйлдвэрийн хүчирхэг бааз өвлөн авсан Украинаасаа (дайнд нэрвэгдсэн!) бас тасраад алга болсон.

Казахстаны эдийн засаг зүгээр л автоматаар гэнэт өсчихсөн юм биш. Байгалийн баялаг байсан, бас СССР-ээс өвлөсөн нефть-хийн том аж үйлдвэр байсан, тэр эрчээрээ ч явчихсан юм биш. Эхлээд нефтийн салбараараа хошуучилсан, нефтийн асар их нөөц рүүгээ гадаадын хөрөнгө оруулалт татсан, хөрөнгө оруулагчдад нэн таатай нөхцөл бүрдүүлж өгсөн. Хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь урьсан. Бүх дэлхийн хөрөнгө оруулагчдыг уралдуулсан гэх үү дээ. Хятад, Өрнөдийн орнууд, Арабын орнууд, Орос гэхчлэн. Гадаадын хөрөнгө оруулалт зэрэгцээд хослоод ирэхлээр энэ улс санхүүгийн нэг том төв, өндөр технологи бүхий эдийн засгийн хаб болох зам дээрээ гараад ирсэн.
Нэг. Уул уурхайгаас нь суралцахуй
Хөрсөн дор байгаа их баялгаа улс төрчид нь өмчлөх, иргэний элдэв хөдөлгөөний тэмцлийн талбар болгохыг Назарбаев анхнаас нь хатуу хоригложээ. Нэгдүгээр туршлага нь энэ. Ихэнхийг нь хуу эзэмшиж олборлохыг шавдуулаагүй–хоёрдугаар туршлага нь. Гуравдугаар туршлага манайд хамгийн хамаатай. Манай улсад ашиглалт нэгдүгээрт, хайгуул хоёрдугаарт явдаг тул бүтэлгүйтэл ихтэй, хэрүүл тэмцэл тасрахгүй. Казахстанд хайгуулын зөвшөөрлийг хүссэн болгонд нь “хайр гамгүй” өгсөн, хайгуул хийхийн тулд бүгд өөрсдөө хөрөнгөө гаргасан. Тэгж ажиллаад Казахстаны нөөцийг нь тогтоогоод өгчихсөн. Ганц салбар–уран гэхэд л 7 улсын 12 ураны уурхай тэнд ажиллаж байна. Манайд шууд л тусгаад авчихмаар туршлага л даа.Жишээ болгоод Казахстаны атомын аж үйлдвэрийн компанийн танилцуулгаас хоёр слайд сонирхуулья.

Ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?
1. Удирдлага, хууль тогтоомжийн хослол. Лиценз олгох, хөрөнгө оруулалт татах хоёрт хөнгөлөлт үзүүлсэн хууль тогтоомжоо 2010-аад онд батлан мөрдүүлсэн. Цахимжуулж, нэг цонхны бодлого хэрэгжүүлсэн. Төслөө урагшлуулж хурдавчлахын тулд элдэв хүнд суртал, гох дэгээг халж гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цонхны систем нэвтрүүлсэн.
2. Геологийн судалгаа гэдгийг сайтар хийсэн. Геологийн хамрах талбай улсын хэмжээнд 1.5 сая км дөрвөлжин байсныг 2.2 сая болтол тэлсэн ба тэгснээр орд газруудын тухай мэдээлэл ил тод болсон. Хайгуулд гадаадынхныг хошууруулсан нь энд багтана.
3. Уул уурхай-ашигт малтмалын гол компаниудаа тодруулж, орон нутгийн ба олон улсын гэж ангилан үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Одоо тус улсад дараахи компаниуд үйл ажиллагаа хуулийн дагуу явуулж байна. Үүнд Казатомпром–дэлхийд ураны тэргүүлэх үйлдвэрлэгч; ERG (Eurasian Resources Group) – өнгөт металл, нүүрс, төмрийн хүдэр; Kazakhmys–зэс, алт; KAZ Minerals–зэс, алт; Qarmet–нүүрс, төмрийн хүдэр; Казцинк–өнгөт металл гэх мэт.
4. Технологийн шинэчлэл шувтан хийж ирсэн. Казахстаннь түүхий эдийн экспортоосоо бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чадсан. Томхон жишээ нь Жамбылмуж дахь химийн “ЕвроХим” цогцолборын бүтээн босголтод $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байна.Уурхайнуудыг цахимжуулж байна. “Ухаалаг уурхай” технологи нэвтрүүллээ. Олборлох, аюулгүйн ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргэлтээ “Ухаалаг уурхай”-н тогтолцоогоор хамтад нь хийж байна.
5. Хүний нөөцөө бэлтгэх талаар хол тасарсан. “Их дээд сургууль–үйлдвэр хоорондын альянс” (түншлэл)гэдгийг мөрдөж байна. Нэр бүхий томхон компаниуд нь 24 их дээд сургууль, коллежтой хамтран ажиллаж, хүний нөөцөө бэлтгэх тусгай төвүүд ажиллуулан дадлагажуулж байна. Дадлагажуулах тусгай хөтөлбөртэй. Ажлын байр найдвартай. Казах мэргэжилтнүүд Францын “Орано” компанид зарим нь бүр удирдах тушаалд олуулаа ажиллаж байгаа жишээ олон буй.
Ийнхүү эдийн засгийн реформ гэдгээ ашигт малтмал олборлохтойгоо нягт хослуулсан түүх дурайж байна. Назарбаев нь $22 тэрбум байсан ДНБ-ыг $184 тэрбум болгоод халаагаа өгсөн. Энэ их мөнгөн дүнгийн ихэнхи нь мэдээж эрдэс баялаг–түүхий эдийн цогцолборын хөгжлөөс босч ирсэн. Назарбаевын “Хоёр дахь баялаг” гэх үзэл онолоос үүдэлтэй. Нефть олборлохдоо мэдлэг шингээж ухаалгаар хандахыг ямагт уриалж байсан жишээ байна.Нефть ба хийн нөөцөөрөө хуучин СССР дотроо Оросын дараа жагсдаг. Тенгиз, Кашаган, Карачаганак гээд ордууд ярайна. Баялаг гэдэг нь сонгодог утгаараа тэнд боссон байна.
Казахстан нь байгалийн нөөц баялгаараа дэлхийд толгой цохино. Манайх ч ялгаагүй. Манайд Менделеевийн химийн үелэх схемын бүх түүхий эд байна хэмээн нэрт геологч Ч.Хурц гуай ярьж байсансан. Илүү амлачихлаа. Манайх ер нь яагаад Казахстанаас дор байх ёстой вэ гэсэн асуулт намайг ээрээд салахгүй байгаа тул Ч.Хурц гуайн хэлснийг эшлэчихлээ.
Казахстан болбаас цайр, вольфрамын нөөцөөр дэлхийд 4-т, зэс ба флюритаар дэлхийд 3-т, марганцаар 3-т, молибденээр 4-т, алтны нөөцөөр 15-д, нефтиэр 12-т, дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 10%, дэлхийн ураны нөөцийн 25% гээд чамлахааргүй үзүүлэлт байна. Казахстаны нефтийн салбар нь тус улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр, түлхэх хүч болж ирсэн ба ДНБ-ийнх нь 25%-ийг энэ салбар бүрдүүлдэг. Нийт уул уурхай нь ДНБ-ий 30%, аж үйлдвэрийн салбар60% гаруйг бүрдүүлдэг. Экспортын 70% нь нефть ба хийн салбараас босч байна. Уран араас нь зуузай холбон урагшилна.
Хоёр. Казахстаны Модернизац
Тэгэхдээ энэ бүх амжилтын үндэс нь олборлоод гаргаж худалдаад байснаасаа илүүтэй тус улсад гурван үе шаттай явагдсан “Модернизац” гэдгээс нь улбаалжээ. Казахстанаас Туркэд ажиллаж байсан Элчин сайд Абзал Сапарбекулыйн бүтээлээс эшлэе. Юун модернизац вэ гэдгийг. Шинэчлэх, орчин үежүүлэх гэсэн санаа юм.
Эхний модернизац нь 1990-ээд оны эхэнд дөнгөж тусгаар тогтнолоо зарласных нь дараа хэрэгжжээ. Төрийн удирдлагын системээ зөв төлөвшүүлнэ (1), зах зээлийн эдийн засгийн үндсийг тавина (2), дэлхийн хамтын нийгэмлэгт зөв байраа эзэлнэ (3) гэсэн гурван зорилтыг шийджээ. Гурвалсан шилжилт–эдийн засаг, нийгэмхүмүүнлэг, нийгэм-улс төр гэсэн салбарт хийжээ. Улс төрийн хөгжилд ардчилал нь загвар, хөгжилд нэмэр болно, харин улс үндэстний тогтвортой байдал, олон үндэстэн-ястан, шашинтны эв нэгдлийг үймүүлэх ёсгүй. Гол нь эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтийн фундаментыг зөв тавьж, зах зээлийн эдийн засгийн гол механизмыг төлөвшүүлэх ёстой. Урт хугацааны хөгжлийн стратегиа 1997 онд Назарбаев нийгэмдээ танилцуулж дэмжлэг авсан ба тэр нь 2030 он хүртлэх бүх салбарыг хамрахаар байв.
Модернизацын хоёрдугаар үе шат. 1990-ээд оны төгсгөл үеэс эхэлж 2010-аад оны дунд үед хэрэгжиж дууссан. Үндэсний хөгжлийн стратегийн хүрээнд реформын эхний үр дүн харагдаад эхэлсэн. Тогтвортой өсөлтийн зам дээр баттай гарч ирсэн. Төрийн институцын тогтолцоо ба дундаж анги баттай төлөвшсөн. 1990-ээд оны эхэнд ДНБ нь хүн ам тутамдаа 700 доллар байсныг 2013 онд 12000 доллартхүргэсэн. Дэлхийн Банкны үнэлгээгээр Казахстан нь дундаж орлоготой улс орны жагсаалтад эргэлтгүй орж ирсэн. 1998, 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг Казахстанонцын гарз хохиролгүй давсан. Шинэ нийслэлээ босгож, дэлхийг дэлдийлгэсэн том амжилт үзүүлсэн. Шинэ нийслэлдээ дандаа стратегийн цогцолбор зорилтуудыг хэрэгжүүлж байна. 2012 онд Казахстан нь өрсөлдөх чадвартай дэлхийн 50 улсын эгнээнд орж ирсэн бол“Казахстан-2050” стратегиа дэвшүүлэхдээ дэлхийн өндөр хөгжил бүхий тэргүүлэх 30 улсын дотор орж ирнэ гэв. 2050 гэлтгүй хамаагүй наана тэр “30” дотроо орохоор байна.

Модернизацын гуравдугаар үе шат. 2017 онд тунхаглаад одоо хэрэгжүүлж байна. Өсөлт гэдгээ потенциалын өсөлт байх болно хэмээн тодотгов. Эдийн засаг зөвхөн үр бүтээлтэй хөгжинө, хөрөнгө оруулалт татсаар байх болно, инновацын аж үйлдвэр хөгжүүлнэ, нийгмээ цааш ньмодернизац руу түлхэнэ, ард түмнийхээ эв нэгдлийг хангана. Хүний капиталыг орой дээрээ зална, оюун санааны модернизац хийнэ, хиймэл оюун хөгжүүлнэ. Энэ бүхнээ “Рухани жаңғыру” гэх хөтөлбөрөөр хөгжүүлнэ. Одоо гуравдугаар үе шат нь төгсгөл рүүгээ явж байна.
Ийм л байна. Олж сонссон, эрж олж уншсанаасаа хуваалцахад.


Сэтгэгдэл байхгүй байна