Зам, тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр/2026.05.11/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндэсний аудитын газраас Монголын төмөр зам (МТЗ)-д санхүүгийн холбогдолтой 370.1 тэрбум төгрөгийн 12 зөрчил илрүүлж, акт тогтоосон. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас шалгах чиглэл ирүүлж, Зам, тээврийн яам дотоод аудитын шалгалт оруулсан. Шалгалтаар зөрчил бодитой байсан нь тогтоогдож, холбогдох хүмүүст арга хэмжээ авах үүрэг өгсөн.
Өнөөдөр хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллээс харахад уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэж ойлгож байна.
Дотоод аудитын шалгалтаар “Батжин” компанид таван удаагийн тендер олгосон нь тогтоогджээ. Тус компанийн эзэн н.Ганхуяг нь өмнө нь хуурамч тендерийн материал бүрдүүлж тендер авсан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байсан ч үүнийг мэдсээр байж дараа нь дахин 13 тэрбум төгрөгийн тендер олгосон байна. Мөн ямар нэгэн ажлын гүйцэтгэлгүй байхад нь 9-10 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар дотоод аудитынхан танилцуулсан.
Одоогоор тус компанийн авсан тендерийн нийт дүн 123 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа бөгөөд цаашид хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгах байх. н.Ганхуяг нь тавдугаар сарын 1-нд компаниа бусдад шилжүүлээд, хэд хоногийн өмнө хилээр гарсан гэх мэдээлэл бий. Үнэн, худлыг хууль хяналтын байгууллага тогтооно.
Зам, тээврийн яамны харьяа байгууллагуудад авлига, санхүүгийн зөрчил байнга гарч байна. Яамны зүгээс ТӨБЗГ болон МТЗ-ийн ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу хяналт шалгалтаа хийсэн. Цаашид хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгана.
н.Ганхуяг гэх хүнийг би танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэвлэлээр өөрийгөө шүгэл үлээгч, мөнгө аваагүй гэж ярьж байгаа нь сонсогдсон. Үнэн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно" гэлээ.
Түүнээс МТЗ-ийн удирдлага болон санхүүгийн газрын нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох эсэхийг асуухад “Үүнийг ТӨБЗГ-аас томилсон ТУЗ шийднэ. Миний хувьд зөвхөн удирдлагаар хангана” гэв.
Мөн төмөр замын төслийн талаар “40 суман шилжүүлэг нийлүүлэх 13 тэрбум төгрөгийн тендер авсан ч нийлүүлэлт удааширсан. Суман шилжүүлэг нийлүүлэхэд гурван сарын хугацаа шаарддаг тул дахин захиалга хийх нөхцөл үүсвэл төмөр замын төсөлд саатал гарах эрсдэл бий. Иймээс яамны зүгээс ажлын хэсэг байгуулан яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна