• Эхлэл
  • Японд ургуулаагүй япон лийр

Японд ургуулаагүй япон лийр

2016/01/20

ИРЭХ ОНООС ДАВХАР БАТАЛГААЖСАН ЖИМС ХЭРЭГЛЭНЭ

Хулсан сагстай жимсэн дээр “Япон лийр” гэсэн бичиг өлгөснийг хараад мэл гайхав. Тэгээд сагс, лийр хоёрын алийг нь “Япон” гэж нэрлэснийг худалдагчаас асуутал “Наад лийр чинь” хэмээн лангуу түшин зогссон бүсгүй шоолонгуй хэлээд тас тас хөхрөв. “Үнэхээр энэ лийр Японд ургасан юм уу” хэмээн лавлавал жишим ч үгүй толгой дохин, хялам хийлээ. Худалдагчийн хувьд япон лийрийг Монголд борлуулж буй нь гайхах зүйл биш биз. Гэвч япончууд лийрээ огт экспортолдоггүйг мэдэх хүнд сарны чулууг дэлхийд харсантай адил жигтэй үзэгдэл байж магадгүй.

Монголд томд тооцогдох сүлжээ дэлгүүр арлын оронд өндөр үнэтэй “япон” лийрийг килограммыг нь 4000 төгрөгөөр борлуулж байна. Монгол Улс Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Иймд давуу эрхээ ашиглан зөвхөн Японд зардаг лийрийг Монголд импортолсон байж мэднэ гэж худалдаачдыг зөвтгөх гээд үзье. Эргэлзээгээ тайлахаар Гаалийн ерөнхий газрын цахим хуудсыг сөхөж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Японоос Монголд нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг харлаа. Гэвч энэ дунд лийр байсангүй. Мөнөөх худалдагчийн толгойгоо шийдэмгий дохисныг бодоод өөрийн эрхгүй инээд хүрэв.

Тэгвэл энэ жимс Японд биш бол хаана ургасан байх уу гэсэн бодол төрлөө. Ингээд лийрийн “эх орныг” олох эрэлд гарав. Гэхдээ энэ эрэл минь лийрээр хязгаарлагдаагүй юм. Цахим сүлжээгээр эрлээ эхлүүлтэл жимс, жимсгэнийн талаарх иргэдийн сэтгэгдэл дүүрэн байв. “Хятад жимс хавдрын эх үүсвэр”, “Алимнаас өт гарлаа”, “Жимс хүний аминд хүрчээ”, “Хүүхдэдээ хятад жимс бүү өг” гэхчилэн уншихаас ч цээр хүрэм мэдээлэл хөвөрнө. Гэвч эдгээр мэдээлэл үнэн, эсэх нь үл мэдэгдэх тул байдлыг газар дээр нь сурвалжлахаар “Барс” худалдааны төвийг зорилоо.

ХАТААСАН ЖИМСИЙГ ХАВЧУУЛААД АВЧИРДАГ

Нийслэлд нийлүүлж буй импортын жимсний 90 орчим хувь нь энд ирдэг. “Барс” захад 10 жил жимсний худалдаа эрхэлж буй Эрхэмбаяр (жинхэнэ нэрийг нь нууцлан ийн нэрийдэв) хүйтэрснээс чанараа алдан, ус “гүйж”, зөөлөрсөн жимснүүдээ ялгаж сууна. Өмнөх лангуун дээр нь АНУ, Польш, Кыргыз, Хятад гэсэн бичигтэй алимнууд өрөөстэй. “Энэ Америкаас ирсэн үү” хэмээн АНУ гэсний чанх доод талын ногоон алим руу заалаа. Харин Эрхэмбаяр “Урд хөршийнх” гэв. Тэгээд яагаад Америк гэж тодотгосны учрыг асуутал америк сортын үрээр тарьдаг учраас ийн нэрлэдэг гэв.

Тэгэхээр “япон” лийрийг Монголд борлуулж байсны учрыг сая ойлголоо. Ер нь албан бус тооцоогоор манай нийт импортын жимс, жимсгэнийн 80 хувийг өмнөд хөршөөс нийлүүлдэг байна. БНХАУ-ын ногоочид жимсээ Бээжингийн томоохон захуудад авчирч, борлуулдаг. Харин Эрээний худалдаачид үүнийг нь авч, бидэнд борлуулдаг хэмээн Эрхэмбаяр тайлбарласан.

Ийм жимс Бээжингээс Эрээн хүртэл 1-2 өдөр, Эрээнээс Улаанбаатар хот хүртэл мөн төдий хугацаа зарцуулдаг. Ингээд багадаа гурван хоног тээвэрлэж Монголд авчирдаг байх нь. Мэдээж шууд хил давахгүй. Замын-Үүдийн боомтод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд орно. Тэнцвэл хил нэвтэрдэг.

“Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн мэргэжилтнүүд жимсний ачилт бүрээс дээж авч, шинжилдэг” гэж тус байгууллагын лабораторийн менежер Б.Алтантуяа мэдээлэв. “Иргэдийн ярьдаг шиг жимс, хүнсний бүтээгдэхүүнийг хяналгүй хил нэвтрүүлэхгүй. Бид төрийн өмнө үүрэг хүлээсэн хүмүүс” хэмээн тэрбээр хэлсэн.

Харин “Барс”-ын жимсний худалдаачин Эрхэмбаяр алимнуудынхаа дунд хатаасан жимс оруулж ирдэг гэж бидэнд ярилаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр хяналтын байгууллагын шалгалтад өртөлгүй, хил нэвтрүүлэхийг хориглосон хатаасан жимсийг нууцаар зөөсөөр хэдэн жил болжээ. Саяхан өмнөд хөршийг зорихдоо ч энэ аргаа ашигласан гэнэ. Тэгэхээр манай хилийг давсан жимс дунд хориглосон бүтээгдэхүүн оруулж ирдэг байх нь. Өөрөөр хэлбэл, Монгол Улс импортын жимсээ бүрэн хянаж чадаж байна гэхэд эргэлзээтэй болов.

Монголд худалдаж буй импортын жимсний чанарыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүнгээс мэдэж болно гэж мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ тус лабораторийн хяналт шалгалт ямар байгааг хулгайгаар орж ирдэг хатаасан жимсний түүх бэлээхэн баталж байна. Тэгэхээр үүнийг үндэслэн импортын жимсний чанар, аюулгүй байдлыг дүгнэх нь учир дутагдалтай санагдлаа.

ЦӨӨН ДЭЭЖ ДЭХ ӨНДӨР БОХИРДОЛ

Үүнээс гадна импортын жимстэй холбоотой хардлага, шүүмжийг иргэд байнга ярьдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Facebook хуудсанд жимстэй холбоотой сэтгэгдэл хамгийн олон байв. Харамсалтай нь, Монголд импортоор орж ирж буй жимсний энэ талаар эдийн засаг хийгээд хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж буйтай холбоотой дорвитой судалгаа бараг л алга. Хилээр орж ирсэн жимсээ бүрэн хянаж чаддаггүй юм гэхэд Монголд худалдаж буй бүтээгдэхүүнд хийсэн судалгаа хүртэл цөөн. Одоогоос гурван жилийн өмнө Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Хүн амын өргөн хэрэглээний импортын зарим хүнсний бүтээгдэхүүнд судалгаа хийсэн байна.

Энэ үеэр Замын-Үүд, “Нарантуул”, “Хүчит шонхор” зэрэг бөөний төвөөс жимсний дээж авч, шинжлэхэд эдгээр бүтээгдэхүүн өндөр бохирдолтой нь тогтоогджээ. Гэхдээ тухайн үед судалгааны төсөвтөө тохируулан нэг жимснээс цөөн хэдэн (4-5) дээж авсан. Мөн бохирдлын хэмжээ өндөр байсан тул олон нийтэд мэдэгдэлгүй нууцалжээ. Бид судалгааны дүнг танилцуулахыг хүсэхэд тэд татгалзсан юм.

Харин энэ судалгааны зарим хэсэг нь нэг жилийн өмнө “Монголмед” сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд эш татан танилцуулъя. Тухайлбал, хар тугалганы бохирдол алим, үзэм, газрын самар, жимсний шүүсэнд хамгийн өндөр байв. Мөн импортын жимс, жимсний шүүсний хар тугалганы үлдэгдэл нэг килограммд 1.03 миллиграмм буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.1 дахин их байгааг тогтоожээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж байгаа аж. Үүнээс өөр импортын жимс баталгаатай, эсвэл аюултайг тодруулах, нотлох судалгаа, тайлан байсангүй. Тэгэхээр энэ талаарх судалгаа, санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага байгааг ч мэргэжилтнүүд нуусангүй. Мөн өндөр эрсдэлт бүтээгдэхүүний хяналтыг сайжруулахгүй бол бид яг ямар жимс зооглоод байгаагаа ч мэдэхгүй л байна.

Гэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэг мэдээ дуулгасан. Монгол Улс БНХАУ-тай хүнсний ногоо, жимс, жимсгэний протокол байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр Хятадаас экспортын зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжээс л манайхан хүнсний ногоо, жимс авна. Өөрөөр хэлбэл, урд хөршийн мэргэжлийн байгууллага шалгасан хүнсийг бид дахин нягтлаад хил нэвтрүүлнэ. Протоколыг ирэх онд байгуулахаар ажиллаж байгаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Довчинсүрэн мэдээллээ.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна