• Эхлэл
  • Хуульд ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагчид үргэнэ

Хуульд ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагчид үргэнэ

2016/12/08

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох, үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлах гэж байгаа юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийв.

Төслийн талаар Ц.Нямдорж, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуун, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн, Монгол Улсад 560 орчим хууль байгаагаас ирэх дөрвөн жилийн хугацаанд 260 хуульд “гар хүрэхээр” болж байна.

Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулиуд өнгөрсөн жил гараас гарсан байхад дахиад нэмэлт оруулна гэж байна. Хуульд ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт оруулахаар эрх зүйн орчин тогтворгүй болж, хөрөнгө оруулагчид үргэнэ гэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэг парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаад шинэ парламент бүрдэхээр хуулиудад гар хүрдгээ болимоор байна. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хийх шаардлага байхгүй. Энэ хууль дээр ажилласны хувьд сайн мэдэж байна гэсэн юм.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг оролцсон. Г.Баясгалан “Шинэ парламентын бүрэн эрхийн хугацаа эхлэхээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох тогтоолын төсөл батлуулах хуультай.

Ирэх дөрвөн жил хэлэлцүүлэн батлуулах эдгээр 260 хуулийн шинээр батлагдах 75, шинэчилсэн найруулга хийх 85, нэмэлт өөрчлөлт оруулах 99, нэг хуулийг хасахаар төсөлд тусгасан. Хууль зүй, дотоод хэргийн яам төрийн байгууллага, яам тамгын газар гээд нийт 43 байгууллагаас төсөлд тусгах санал авсан. Ингээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж үндсэн чиглэлд тусгасан” гэж хариулав.

Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. УИХ-ын Ц.Нямдоржийн гаргасан

- Татварын ерөнхий хууль,

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай,

- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэмэлт, өөрчлөлт болгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжив.

- Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын гаргасан

- Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тухай,

- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай,

- Төсвийн тухай,

- Нягтлан бодох бүртгэлийн тухай,

- Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хасах санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Мөн Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх жагсаалтаас хасах” саналыг ч дэмжив.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл байхгүй байна