Нийтийн тээвэртэй холбоотой санал гомдол багагүй гардаг. Нийтийн тээврийн жолооч нарийн бүдүүлэг, болгоомжгүй авираас болж зорчигчид гэмтэж бэртэж байгаа тухай иргэд ярьж байна.
Жолооч нар зоригч нийтийн тээврийн хэрэгсэлд сууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхлүүлснээс зорчигч бэртэж гэмтэх, болгоомжтой явахыг анхааруулсны төлөө хэл амаар доромжилдог гэхчилэн гомдол тасралгүй ирсээр байгаа аж.
Мөн бэлэн мөнгө авч байгаа жолоочийн тоо олширч байгаа тухай ч яригдаж байна. Үүнээс харахад жолооч нартай холбоотой асуудал их бий гэдгийг харуулж байгаа хэрэг юм.
Энэ талаар Ниййслэлийн зорчигч тээврийн Нэгтгэлийн хуулийн зөвлөх Д.Ариунболдтой ярилцлаа.
- Автобус нэгтгэлийн жолооч нар хамгийн олон осол гаргаж байна гэх мэдээлэл нийгэмд тараад байна. Осол жолоочтой холбоотой юу эсхүл өөр бусад хүчин зүйлтэй холбоотой юу? Тухайлбал, Халтиргаа, гулгаа, техникийн шаардлага хангаагүй нийтийн тээвэр, эвдрэлтэй эсэх гэх мэт?
- Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаас ОНӨААТҮГ буюу төрийн өмчит гэдэг утгаараа бусад байгууллагуудаас онцлог.
Нийтийн тээврийн автобуснуудын жолооч нар осол зөрчилд багагүй холбогддог нь нууц биш.
Осол зөрчилд олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Нэгдүгээрт жолооч нар хувийн сахилга хариуцлага сул, хоёрдугаарт замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд болон явган зорчигчдын ухамсар хангалтгүй, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг хомс, замын нөхцөл байдал хангалтгүй, гэрлэн дохионы дараалал буруу гэх мэтийн олон шалтгаан байна.
Манай байгууллагын хувьд зөрчил гаргасан жолооч нарт долоо хоног бүрийн баасан гариг болгонд байгууллагын дэргэдэх Нарны зам сургалтын төвийн сургалтад хамруулдаг. Техникийн хувьд стандартын дагуу хуваарьт техник үйлчилгээгээ цаг тухайнбүрт нь хийж бэлэн байдлыг хангаж ажилладаг. 2015 оны наймдугаар сард манай байгууллагад 30 ширхэг дунд оврын автобус өгсөн боловч сэлбэг нь БНСУ-д төдийлөн олдохгүй чанарын хувьд тааруу гэх мэтийн сөрөг хүчин зүйл байдгийг үгүйсгэж болохгүй.
- Автобусны жолооч нар гар дээрээ бэлэн мөнгө авах ёсгүй гэдэг. Гэтэл автобусанд суугаад мөнгөний хайрцагт мөнгөө хийх тэр үед “Нааш нь өгчих” гэхчилэн бэлэн мөнгийг гар дээрээ авч байгаа харагддаг. Энэ зөрчил мөн үү? Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
- Жолооч нарын дотор ганц нэг тийм зөрчил гаргадаг хүмүүс байхыг үгүйсгэхгүй, энэхүү үйлдэл нь зөвхөн манай байгууллага дээр гардаг зүйл биш нийтийн тээврийн салбарын хэмжээнд гардаг зөрчил юмаа. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобус бүрт хяналтын камерыг суурилуулсан боловч чанарын шаардлага хангахгүй, дүрс бичлэгийн нягтрал муу, амархан шатдаг гэх мэтийн шалтгаан байдаг. Манай байгууллагын хэмжээнд ихэнхи автобусны хяналтын камер ажиллахгүй болсон байгаа. Жолооч нар гар дээрээ мөнгө хураадаг асуудлыг бид байгууллагын дотоод журамд заасны дагуу сахилгын арга хэмжээ авдаг. Энэ талаар иргэд мөн манайд гомдол гаргаж болно.
- Иргэдийн гомдлын ихэнх нь жолооч нартай холбоотой байдаг байх. Автобусанд сууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг, үүнээс болж бэртэж гэмтэх тохиолдол их бий. Жолоочид нь болгоомжтой явахыг анхааруулахад хэл амаар доромжилдог. Энэ мэт ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
- Нийтийн тээврийн бүх автобусны гадна талд нийтийн тээврийн талаарх санал гомдлыг хүлээн авдаг утасны дугаар байдаг. Тухайн утасанд ирсэн гомдлын дагуу бид шалган нягталж уг гомдлыг барагдуулан ажиллаж байна. Жолооч нарын хувийн сахилга бат тааруу, иргэдтэй зүй бусаар харьцах, хэл амаар дормжлох зэрэг үйлдлүүд гаргадаг нь нууц биш. Ийм төрлийн зөрчил гаргасан жолоочийг ажилд гаргахгүй зогсоож асуудлыг нь даргын зөвлөлийн хурлаар оруулан шийдвэрлэдэг. Нийтийн тээврийн стандартад жолооч нь зорчигчийг бүрэн суусны дараа хаалгаа хааж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг заасан байдаг.
- Жолооч нарт зориулсан сургалт семинар хэр явагдаж байна вэ? Тухайлбал, үйлчилгээний соёлын талаар?
-Дээр хэлсэнчлэн манай байгууллагад өөрийн сургалтын төв ажилладаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, амьдралд онцгойлон үүрэг гүйцэтгэдэг зарим хуулиар сургалт явуулдаг бөгөөд улиралд нэг удаа харилцааны сургалтыг мэргэжлийн багш нараар заалгадаг. Мөн дүүргүүдийн замын цагдагийн тасгуудтай хамтран ажиллаж замын цагдаагийн байцаагч нараар сургалт зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна