• Эхлэл
  • Жинхэнэ уулчин бүсгүйн мөрөөдлийг дэмжицгээе

Жинхэнэ уулчин бүсгүйн мөрөөдлийг дэмжицгээе

2016/11/02

Говийн ууланд дасгал хийсээр дэлхийн таван тивийн ноён оргилуудыг эзлэсэн Д.Эрдэнэтогтох хойт туйлын нохой чарганы уралдаанд явах мөрөөдлөө нүүр хуудсандаа хуваалцжээ.  Тэрээр:

Энэ бол миний үзэл бодлын орон зай ...
Уулын спортод хүүхэд наснаасаа тэмүүлж зүтгэсний хүчинд өөрийн чадах хэмжээнд амжилт гаргасан жирийн нэг уулын спорт сонирхогч эмэгтэй би.
Дуутай байна, өөрийгөө илэрхийлж чаддаг байна гэдэг нь шударга байж, бүхнийг мэдэхийн нэр биш гэдгийг ухамсартай хүн бүр төвөггүй ойлгох байхаа. 
Дэлхийн 7 ноён оргил ба миний бяцхан амжилтын түүх 5+1: 
1. Everest 8848 m, Asia 8700м-т хүрсэн, 2016-05-14 
2. Aconcagua 6962 m, South America, 2013-02-04 
3. Denali 6194 m, North America, 2015-05-31 
4. Kilimanjaro 5895 m, Africa, 2009-02-22 
5. Elbrus 5642 m, Europe, 2009-05-21 
6. Kosciuszko 2228 м /Carstensz 4884 м/ Australia, 2016-05-08
7. Vinson 4897 m, Antarctica –
Дээрх 7 оргилоо /Seven Summits/ Bass болон Messner –гэсэн 2 төрлийн жагсаалтаар хийдэг. Дэлхийн 8 оргил гэсэн албан ёсны юм байхгүй. 
Миний хувьд Bass–н жагсаалтаар явж байгаа. Messener – н жагсаалтаар явсан тохиолдолд Carstensz оргилыг оруулна. Мөн Австрали тив болон Далайн орны оргилыг хосоор авирсан жагсаалт байдаг. Эмэгтэй уулчдын хувьд оргилуудад анхны оролдлогоороо амжилттай гарах мөн анхдагч байна гэдэг бахархууштай зүйл яах аргагүй мөн гэж бодож байна..
5+1 гэдэг дээр тайлбар хийе. Дээр бичигдсэн байгаа амжилттай авиралт хийж оргил дээр нь гарсан он сар бүхий 5 оргил. Харин +1 гэдэг маань миний бүтэн гараагүй ч албан ёсоор гарснаар тооцогдож батламжаа авсан оргил минь. Энэ тухай хавсралт зургуудаас дэлгэрэнгүйг үзээрэй. 
Аминчилж 2 зүйл хэлмээр байна. 
1. Монголын эмэгтэй уулчдын анхны өндөр тогтоогч, 2006 онд Эверестед гарснаар тооцогдсон албан ёсны батламжит сертификаттай нь үнэн. /Гэхдээ Эверестийн оргилд хөл тавьсан анхны эмэгтэй гэсэн утга биш/ 
2. Би бол 5+1 оргилын эзэмшигч эргэлзээгүй. Миний хувьд Vinson оргил мөрөөдөлд минь байгаа. 
Ганцаараа торойх бус бусдыг үлгэрлэн дагуулах, тэдэнд боломж олгох, бусдын амжилтыг хүлээн зөвшөөрөх зэрэг чанартай байна гэдэг бол спортын хүнд байх ёстой зайлшгүй чанар гэж бодож байна. 
Би зүгээр л хойд туйлын нохой чарганы аялалд оролцохыг маш их хүсэж байна. Намайг удаан бодож, эргэлзэж шийдвэр гаргаж чадахгүй байхад минь Цэрэн эгч маш их урам зориг өгч, гарцаагүй чи явах ёстой хүн нь мөн гэсэн зоригжууллаа.. Та бүхэн минь говийн бүсгүй намайг хойд туйл руу явахад минь тусалж дэмжээрэй. 
Баярлалаа. Д. Эрдэнэтогтох 
2016-11-02 
Өмнөговь аймаг, Даланзадгад сум гэж бичсэн байна. 

Үнэхээр ч тэрээр Монголынхоо бүх оргилд болон дэлхийн алдартай оргилуудад амжилттай дайралт хийсэн эмэгтэй. Нохой чарганы уралдааны тухайд Монголоос анх удаа цэнхэр үст Цэрэн гэж алдаршсан Б,Цэрэндолгор /Tseren Enebish/, хоёр дахь удаад Б.Загдаа /Zagdaa Baatar/ хэмээх бүсгүй амжилттай оролцсон. Хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсаас тухайн үедээ Цэрэн бүсгүй онлайн шалгаруулалтаар санаанд оромгүй олон хүний дэмжлэг авч, шуугиан тарьж байсан. Загдаа бүсгүйн хувьд ч мөн онлайн шалгаруулалтаар гайхамшиг аяллаа амжилттай хийсэн билээ. Харин одоо монголчууд гурав дахь бүсгүйгээ дэмжихээр болж байна. Мэргэжлийн уулчны хувьд тэрээр нохой чарганы аяллыг амжилттай гүйцэтгэх нь тодорхой. Өмнө зоригт бүсгүйчүүдээ дэмжиж байсан монголчууд ч хангалттай санал өгнө гэж найдаж байгаа юм. Монголчуудын хувьд хойд туйлын аялалд гурван бүсгүй оролцсон гэхээр гайхамшигтай, сайхан амжилт болох нь тодорхой. Ингээд Д.Эрдэнэтогтохыг дэмжицгээгээрэй. Онлайн санал асуулга арваннэгдүгээр сарын 16-нд эхлэх юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    D.Erdenetogtohdoo amjilt hysie
    2016 оны 11 сарын 05