• Эхлэл
  • Т.Гансүлд: зэс хайлах технологийг Монголд нутагшуулна

Т.Гансүлд: зэс хайлах технологийг Монголд нутагшуулна

2016/10/21

Оутотек Монголиа жил бүр зохиогддог металлургийн хуралдаа дэлхийн шилдэг технологиудыг танилцуулдаг. Танай энэ удаагийн хурал ямар ач холбогдолтой болж байна вэ? 

Оутотек Монголиа компани дөрөв дэх жилдээ “Тогтвортой металлургийн хөгжил” хурлыг зохион байгуулж байна. Энэ удаад бид ШУТИС-ын Геологи, уул уурхайн сургууль, Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоотой хамтран хийж байна. Хурлын гол зорилго нь олборлох болон боловсруулах салбарын гол асуудлуудыг цогц байдлаар хөндөж, энд тохирсон технологи, арга туршлагын шийдлүүдийг салбарынхаа оролцогч нарт танилцуулах, таниулах юм.

 “Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хуралд Финляндын төв компаниас мэргэжилтнүүд ирж танилцуулга, илтгэлээ уул уурхай, тэр дундаа эрдэс боловсруулалтын салбарынханд танилцуулж, санал солилцож байгаадаа их баяртай байна. Бид Засгийн газрын мега төслүүдэд багтсан зэсийн хайлах үйлдвэрийн технологийг Монголд нутагшуулах гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа, энэ ажлынхаа хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бусад холбогдох хүмүүстэй уулзалт хийх юм. Дэлхийд тэргүүлэгч шилдэг технологийг Монгол улсад нутагшуулснаар байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, ашиглах боломжтой болно. Зэс хайлах үйлдвэр нь өргөн цар хүрээтэй, цогц төсөл. Бид дэлхийд туршигдсан тэргүүлэх пирометаллургийн технологийг нэвтрүүлэхийн тулд Оутотектэй хамтран ажилладаг хөрөнгө оруулалтын байгуллагуудаар дамжуулж төслийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх боломжийг танилцуулна.

Хурлын хэлэлцүүлэгт алт боловсруулах олон дэвшилтэт технологи орсон байгаагийн дотор BIOX хэмээх бактерийн уусгалтын технологи байгаа. Үүнийг манай Өмнөд Африкийн салбарын ахлах менежер танилцуулсан. Гацууртын алтны үндсэн ордны боловсруулах судалгаа нь BIOX технологи дээр үндэслэгдсэн байдаг. Энэ нь байгаль орчинд ээлтэй, металлыг хүнд нэгдлүүдээс салгах, металл авалтын хэмжээг хамгийн өндөр түвшинтэй манай компанийн алтны боловсруулах багцад орсон технологи. Тийм болохоор бид мэргэжилтнүүдээ бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчидтэй уулзуулж, Монголын ойрын жилүүдэд онцгой ач холбогдолтой металлургийн төслүүд дээр хамтран ажиллаж дэлхийн тэргүүлэх технологийг нутагшуулах талаар ярилцаж, санал солилцох гэж байна.

Танай компани Монголын уул уурхайн томоохон компаниудтай хамтран ажилладаг. Ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

Оутотек Монголиа компани Монгол улсад үйл ажиллагаа явуулсанаас хойш гурван жилийн хугацаанд  Монголын эдийн засаг, боловсруулах салбарт томоохон үүрэг гүйцэтгэдэг харилцагчидтай хамтарч ажиллахдаа дэлхийн дэвшилтэт, шилдэг  технологийг эзэмшүүлэх тал дээр анхаарал хандуулж ирсэн.

Тухайлбал: Бид Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй нягт хамтарч ажилласан. Тодруулбал, баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэтгэл, оновчлол хийх техникийн аудитыг хоёр удаа хийж гүйцэтгэсэн. Техникийн аудитын үр дүнд 70-аад оноос хойш ажиллаж байгаа хуучин үйлдвэрийн үйл ажиллагааны өртгийг бууруулах, шинэтгэл буюу модернизацитай холбоотойгоор өртгийг яавал хэт өндөр биш, харин оновчтой боломжтой түвшинд барих, хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, баяжуулах үйлдвэрт нэвтрүүлэх манай шийдлийн техник, технологийн баталгаа ямар байх талаар Оутотекийн Эрдэс боловсруулалтын хэлтсийн ахлах экспэрт Харри Хокка танилцуулла.

Хоёрт Оутотекийн шүүн хатах машинууд Оюу Толгойн зэс баяжуулах үйлдвэрт  ажилладаг. Оюу Толгой компанийн зүгээс бид найдвартай ханган нийлүүлэгч гэсэн үнэлгээ өгсөн нь технологи, шийдэл, манай засвар үйлчилгээний найдвартай байдалд өгч буй үнэлгээ гэж бид үзэж байна.

Дархан хотод жилд 400 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай төмрийн шууд ангижруулах үйлдвэрийн ерөнхий инженерчлэл гүйцэтгэх гэрээг байгуулаад ажиллаж байна.

Мөн өнөөдрийн хуралд хөндөгдсөн сэдвүүдийн нэг бол гидрометаллурги. Монголд исэлдсэн зэсийн хүдэр үйлдвэрлэлийн хэмжээнд хүрэхүйц байдаг болохоор үүнийг ашиглаж катодын зэс үйлдвэрлэхээр ажиллаж байна. Ирэх 2-3 жилийн хугацаанд шинээр ашиглалтанд орох гидрометаллургийн үйлдвэрийн инженерчлэлийн гэрээт ажлыг мөн хийгээд явж байна.

Уул уурхай ярихад байгаль орчны асуудлыг ярихаас өөр аргагүй. Байгаль орчны талаар танайх ямар технологи, шийдлийг санал болгодог вэ?

Манай олборлох, боловсруулах салбарт усны асуудал нилээд онцгой, халуун сэдэв болдог. Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниудын олонх нь тал хээр, говийн бүсэд олборлолт хийдэг. Тэгэхээр үйлдвэрийн усыг хэрхэн яаж дахин ашиглах вэ, үйлдвэрлэлийн өөрийн зардлыг бууруулах, хэмнэх зэрэг технологийн туршлагаа бид оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсныг маш их сонирхож хүлээж авсан. Хуралд ирсэн Эрдэнэт үйлдвэрийн судалгааны төв болон фабрикийн удирдлагууд төлөөлөгчидтэй үйлдвэрийн усны удирдлага дээр санал солилцсон бөгөөд Оутотек өөрийн технологийн шийдэл ноу хауг санал болгож хамтран ажиллах хүсэл зорилготой байгааг дахин үүгээр илэрхийлье.    


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна