• Эхлэл
  • Сибирийн ойн түймэр нэмэгдсээр байна

Сибирийн ойн түймэр нэмэгдсээр байна

2016/07/26

Сибирьт 9500 га талбайг хамарсан 72 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын Онцгой байдлын яамны Сибирийн бүсийн төвөөс мэдээллээ.

Өнгөрөгч баасан гаригаас эхэлсэн ойн хээрийн түймэр амралтын өдрүүдэд 1000 га талбайгаар нэмэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнээс хойш ойн түймэр 700 га талбайгаар нэмэгджээ.

Одоогоор Красноярскийн хязгаар, Буриад болон Эрхүү мужид 5,3 мянган га ой түймэрт автаад байгаа тухай мэдээлж байна.

Нэг хоногийн дотор Баргужин, Кабань, Прибайкальск, Умард Байкалскийн зарим газруудад 1,8 га ойн түймрийг унтраагаад байгаа ч эдгээр нутаг дэвсгэрүүдэд түймэртэй хэвээр байна.

Долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Красноярскийн хязгаарт 1740 га талбай шатаж байсан бол одоогийн байдлаар нэмэгдээд байгаа аж.

Забайкальск хязгаарын гал унтраах ажилд ой хамгаалагч, мужийн агаарын ойн хамгаалах төвийн гал сөнөөгчид гээд нийт 202 хүн гал унтраахаар ажиллаж байгаа ба Буриадад 452 хүн 50 техник хэрэгсэлтэйгээр түймэртэй тэмцэж байгаа ажээ.

Сибирийн ойн түймрийн утаа нийслэл Москва хот хүрээд байгаа бөгөөд Цаг уурчдын мэдээлж буйгаар зөөлөн салхитай байгаа учраас долоо хоногийн турш утаатай байх магадлалтай хэмээжээ.

Дээрх түймрийн утаа Улаанбаатарт ч мөн байгаа гэдгийг өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар утаа өнгөрөгч ням гаригийнхаас бага зэрэг арилсан харагдаж байгаа юм.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна