Жек Ма гэж хэн бэ? 

2016/07/25

Өдгөө 51 настай, Хятадын тэрбумтан Жек Магийн үндсэн хөрөнгө 23,3 тэрбум ам. доллартой тэнцэж байна. Нэгэн цагт сарын 12 ам. долларын цалинтай англи хэлний багшаар ажиллаж байсан энэ эрхэм хэн бэ?

Түүний туулсан амьдрал, бизнесийн замнал тийм ч хүсээд байхаар дардан байсангүй. Харвардын их сургуулиас 10 удаа татгалзсан хариу авна гэдэг муухай санагдаж болох юм харин хотод нь анх удаа KFC нээгдээд 24 хүн ажилд орох хүсэлт гаргахад ганцаараа сонгогдохгүй байна гэдэг бүр ч хачин.

Энэ бүхнийг даваад тэр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Магадгүй олон хүн шантрах байсан тэр л замналаар Жек Ма гэдэг эрхэм өөрийн өөдрөг үзлээр бүхнийг даван туулжээ. Яг л түүний хүндэлдэг Форрест Гамп шиг.

Гэхдээ тэрээр тэрбумтан байхаас илүү сарын 12 ам. долларын цалинтай байх нь илүү аз жаргалтай байсан талаар дурдаж байв.

Шалгалтад унана гэдэг асуудал биш...

Жек Ма мундаг сурагч байсангүй. Үнэн хэрэгтээ дунд сургуулиа ч төгсөж чадахгүй байж болох байв. Тэрээр “Би бага ангид орох шалгалтад хоёр удаа, дунд ангид орох шалгалтад гурван удаа, коллежид орох шалгалтад хоёр удаа унаж байлаа” гэж ярьж байжээ.

Коллежид орох математикийн шалгалтад 120 онооноос ганцхан оноо авчээ

Шалгалтад тэнцэхгүй байна гэдэг нэг хэрэг. Харин нийт авах ёстой онооны нэг хувийг ч авч чадахгүй байна гэдэг өөр асуудал. Хамгийн гол нь шалгалтад хангалттай бэлтгээгүйдээ биш харин математикт муу учраас ийм дүн авсан гэдэг.

Тэрээр нэгэнтээ “Би тоонд сайн биш. Менежментийн талаар судалж ч байгаагүй. Одоо ч гэсэн санхүүгийн тайлан хараад ойлгодоггүй” гэжээ.

Харвардаас арван удаа татгалзсан хариу авав...

Ийм олон татгалзсан хариу авна гэдэг тийм сүртэй зүйл биш байх. Гол нь Жек Ма ийм олон удаа элсэх хүсэлт гаргасанд л асуудлын гол нь оршино.

Энэ бол асар их тэвчээр, зүтгэл юм. Түүний “Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй” гэдэг магадгүй хамгийн чухал үзэл нь байх. Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр өгсөн ярилцлагадаа Жек Ма "Харвард намайг авахаас арван удаа татгалзсан... харин би эцэст нь "За яахав дараа нь очиж багшлая даа" гэж өөртөө хэлсэн" гэжээ.

Хэн ч ажилд авахгүй байхад өөдрөг хэвээр...

Сургуулиа төгсчихлөө. Хүн бүр л сайхан цалинтай ажилд орохыг хүснэ. Зарим нэг нь хэд хэдэн ажилд орох хүсэлт гаргасан ч амжилт олохгүй тохиолдол бий. Харин Жек Ма бүтэн 30 газарт ажилд орох хүсэлт гаргасан хэдий ч хэн нь ч түүнийг авсангүй.

“Өнөөдөр хэцүү байж болно, маргааш бүр долоон дор, харин нөгөөдөр нар мандана” – Жек Ма.

24 хүнээс 23-ыг сонгоход Жек Ма сонгогдсонгүй

Ихэнх хүмүүсийн хувьд KFC зэрэг түргэн хоолны газрууд ажлын анхных нь гараа, оюутан байхдаа хийдэг амьдралд сургах газар нь болдог.

Харин Жек Ма хотод нь нээгдсэн KFC-д ажилд орохоор бүртгүүлсэн 24 хүнээс ганцаараа ажилд орж чадаагүй үлдсэн юм. Энэ бүх бүтэлгүйтэл түүнд хэзээ ч саад болсонгүй.

Түүнийг тэрбумтан болохоос өмнө гэр бүл болсон эхнэр Жан Ин нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Ма Юн царайлаг залуу биш. Гэхдээ тэр царайлаг залуусын чадахгүйг чаддаг болохоор би түүнд дурласан юм” гэж хэлж байв.

Алибабад хөрөнгө оруулалт татаж чадаагүй...

Алибабаг байгуулсныхаа дараа ч түүний бүтэлгүйтэл үргэлжилсээр байлаа. Эхний гурван жилдээ ашиг олсонгүй. Бүр 18 сарын дараа дампуурлаа зарлахад бэлэн болсон үе ч тэднийг тойроогүй юм.

Жек Ма энэ талаараа “Би энэ үеийгээ Алибаба ба 1001 алдаа гэж нэрлэдэг” гэж байв.

Эхлээд чи амжилтад хүрэхгүй...

Жек Магийн амьдралаасаа олж авсан хамгийн том туршлага нь магадгүй алдаа бүхний ард амжилт байж болно гэдэг итгэл байх. Хэн нэгэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд хэчнээн олон даваа, нугачааг туулж болохыг өөр хэн ч биш харин Жек Ма харуулж чадсан.

Тэрээр “Хэрвээ чи бууж өгөхгүй л юм бол чамд боломж байна л гэсэн үг. Бууж өгнө гэдэг хамгийн том алдаа” гэжээ.

Далайн аварга загас eBay-тэй өрсөлдөхөөр гарч ирсэн Alibaba өнөөдөр зүгээр ч нэг Хөх мөрний матар бус харин өөрсдөө далайн аварга загас болжээ. 35 мянга гаруй ажилтантай, жилийн нийт орлого нь 71 тэрбум юаньтай тэнцдэг Алибаба өнөөдөр Хятадын цахим худалдааны салбарыг ноёлж байна.

Эх сурвалж: Gogo.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна