Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны санаачилгаар Монгол улсын Засгийн газрын 229 дүгээр тогтоол гарч оюутанд сургалтын төлбөрийн зээл олгох “Сайн оюутан” хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэллээ.
Өнөөдөр БСШУЯ, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд, Хаан, Голомт, Төрийн банктай “Сайн оюутан” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулж, зээлийн шаардлага хангасан эхний 27 оюутанд сургалтын төлбөрийн зээлийн батламж гардуулж амжилт хүслээ.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ”Өнөөдөр манай улсад нийт 162,200 оюутан суралцаж байгаагийн 93 хувь нь хувийн зардлаар суралцаж байна. Хувийн зардлаар суралцаж байгаа 150,980 оюутны 83 хувь нь эцэг, эхийн цалин тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө хийж байна.
Арилжааны банкны зээлийн хүү жилийн 25 хувь байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цалингийн зээлээрээ төлөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин их мөнгийг сар бүр банкинд тушааж байна.
Үүнээс гадна зөвхөн сургалтын төлбөрөөс шалтгаалж өөрийн хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй хаалганы цаана үлдэж байгаа олон сайн залуус байгаа. Сайн оюутан хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие дасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Хамтран хэрэгжүүлж байгаа Хаан, Голомт, Төрийн банкны хамт олонд нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Оюутан залуустаа амжилт хүсье.” гэв.
Дээд боловсролын сургуулиудын сургалтын нөхцлийг авч үзвэл, 2015-2016 оны хичээлийн жилд 162.6 мянган оюутан суралцаж байгаагаас 140.3 мянган оюутан бакалаврын түвшинд, үүний 125.2 мянган оюутан нь өдрийн хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Харин сургалтын санхүүжилтийн хувьд 93% нь хувийн зардлаар, үүний 82.5 хувь нь цалин, тэтгэврийн зээлээр санхүүжиж байна.
Иймд дээд боловсролын байгууллагуудын санхүүжилтийн системийг сайжруулж, олон нийтэд хүртээмжтэй болгох, бусад хөгжингүй улс орнуудын хөгжлийн төвшинд ойртуулахын зэрэгцээ сургалтын чанар, боловсон хүчний чадавхийг сайжруулж, олон улсын төвшинд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх бодит хэрэгцээ, шаардлага байсаар байна. Дээд боловсролын санхүүжилтийн талаарх 44 орны 64 хөтөлбөрийг судлан үзэхэд эдгээр улсуудын 56% нь энэ төрлийн хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлдэг бол 22% нь тусгайлсан сангаас, 10% нь банкны зээлээс санхүүждэг байна.
Олон улсын шилдэг туршлагад суурилсан Сайн оюутан хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх хэлбэрээр дахин санхүүжүүлэх, хоёрдугаарт хөнгөлөлттэй хүүтэй богино хугацааны, гуравдугаарт ирээдүйн орлогоор эргэн төлөгдөх 10 хүртэл жилийн хугацаатай урт хугацааны зээлийг олгох боломжийг нээж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн ирэх 3 жилийн төгсөлт, дээд боловсролын байгууллагад суралцагчдыг харгалзан, энэхүү хөтөлбөрт 2016 оны төсвийн жилд 100.0 тэрбум төгрөг, 2017, 2018 онд харгалзан 118.0, 134.0 тэрбум төгрөг тус тус байх урьдчилсан тооцоотой байна.
Монгол Улсын Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутан сурагчдын мэдлэг, ирээдүйдээ хандах хандлага өөрчлөгдөж, бүтээмжтэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэгдэхийн зэрэгцээ өрх гэр, дээд боловсролын байгууллага болон нийгэм, эдийн засагт олон эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна.
Дээд боловсролын сургалтын төлбөрийн тогтвортой схем ажиллахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай төгсөгч бэлтгэхийн төлөө өрсөлдөөн нэмэгдэж, сургалтын үйлчилгээ чанар нэмэгдэхээр байна.
“Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдаж сургалтын төлбөрийн зээл авах оюутанд тавигдах ерөнхий шаардлагыг хавсаргав.
Сэтгэгдэл байхгүй байна