Нийслэлийн нутаг дэвсгэрт зам дагуу авто угаалгын үйлчилгээ эрхэлж байгаа газруудад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төв зам дагуу байрлалтай автомашины угаалгын газруудад нийслэл, дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодизи, зураг зүйн хяналтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүргийн нийт 80 иргэн, аж ахуйн нэгж хамрагджээ.
Тэдгээрийн 15 нь гүний худаг, 60 нь төвийн шугамд холбогдсон, 5 нь зөөврийн усыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин 12,5 хувь нь буюу 10 нь бохир усаа соруулдаг бол 87,5 хувь нь буюу 70 нь төвийн шугамд холбогдсон. Угаалгын газруудын 85 хувь нь буюу 68 нь гаднах талбайгаа цардсан, 12,5 хувь нь буюу 10 нь цардаагүй, 2,5 хувь нь буюу 2 нь гаднаа хог хаягдалтай байсан байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 128 автомашин угаалгын газар байгаагаас 82 нь хот суурин газрын унд ахуйн төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургад холбогдон цэвэр ус авч хаягдал бохир усыг төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Авто угаалгын газрууд шаардлага хангасан байршилд үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас явган хүний зам, авто зам, замын хашлага эвдрэх асуудал гарсаар байна.
Мөн гүний худгийн усыг ашиглах нь холбогдох журмыг зөрчиж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналын дагуу авто угаалгын газруудыг аттестатчилах ажлыг зохион байгуулж, зөрчилтэй газруудад шаардлага хүргүүлэн, зөрчлөө арилгахгүй бол үйл ажилллагааг нь сунгахгүй байх зэргээр асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Цөөн үгээр:
-“Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам”-ын төслийг хэлэлцэн, дэмжлээ. Тус журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төслийг хэлэлцэж, хуульд нийцүүлэн зарим заалтыг өөрчлөн, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст өглөө.
-Монголд анх удаа өрхийн нийтийн тээврийн зорчилтын судалгааг Улаанбаатар хотод хийх гэж байна. Энэ нь нийтийн тээврийн тусгай замын автобусны BRT төслийн хэрэгжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гар утас ашиглан иргэдээс судалган авах юм. Судалгаа нь шийдвэр гаргагч нарт түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ, хүрэлцээг сайжруулахад бодит мэдээлэл болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна