Сүүлийн жилүүдэд төрүүлсэн хүүхдээ хаях тохиолдол их гарах болсон. Энэ нь нийгэм болоод залуусын бэлгийн харилцаа замбараагүй болсонтой холбоотой аж.
Хүсээгүй жирэмслэлт, нийгмийн ядуурлаас болж хүүхдээ хаях болсон гэх боловч зарим тохиолдолд санаатайгаар дээрх хэргийг үйлдсэн байдаг байна.
Өнгөрсөн онд орцонд нэг ой найман сартай охиныг ээж нь хаяж явсан хэрэг гарсан бөгөөд хүйтэнд орцонд хаягдсан охины гар хөл хайрагдсанаас гадна уушгиндаа хатгаа тусч амь насаа алдсан билээ.
Энэхүү хэрэг ээжүүдийн сэтгэлийг эзэмлүүлж, иргэдийн анхаарлыг татах болсон. Охиныг өргөж авах хүсэлтэй ээжүүд байсан ч харамсалтай нь чадаагүй.
Тэгвэл охиноо орцонд орхисон ээжид хариуцлага тооцож ял оноожээ. Тодруулбал: талийгаач охины ээж Б.Долгорсүрэн, түүний эгч Б.Чанцалдулам нарт холбогдох хэргийг өнгөрсөн даваа гаригт /2016.05.02/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон таван жилийн ял оноосон байна.
Харин шүүгдэгч Б.Чанцалдуламыг гэмт хэрэгт хамтран оролцсоны улмаас хүүхдийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван жилийн ял оноосон байна. Ийн эгч дүү хоёр өөрсдийн хийсэн буруу үйлдэл, гэмт хэргийн хариуцлагыг хүлээх болжээ.
Дараагийн хэрэг бол цахим гэмт хэрэг юм. ЦЕГ-аас кибер гэмт хэрэг болон хуурамч виза карт ашиглан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг шалгаж байгаа аж. 1997 онд төрсөн Т гэгч нь компьютерын мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий хортой программ ашиглан 24 мянган хүний мэдээллийг хулгайлжээ.
Сэжигтэн этгээд мэдээ мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч мэдээллийн санг нь хуулан авсан байна.
Харин 1985 онд төрсөн Х гэгч нь гадаадын иргэдийн виз картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулжээ. Сэжигтний гэрт хийсэн үзлэгээр 92 ширхэг виза картын бэлдэц, виза картанд электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж зэргийг хураан авсан аж.
Мөн Жүжигчин Б.Амарсайханы “Амраагийн харамсал” бичлэгтэй холбоотойгоор иргэн Г.Батбаяраас гаргасан өргөдлийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгажээ.
Ингээд /2016.05.04/ Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийг удирдлага болгон мөн хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар тухайн гаргасан өргөдөл нь “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт материалыг шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна