Завхан аймгийн төв Улиастай хотод 35 мегаваттын цахилгаан, дулааны станц барина.
Уг ажлыг Завхан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Цэцэнс майнинг энд энержи” компани, БНХАУ-ын “Энержи инженеринг корпораци” хамтран бүтээн байгуулахаар гэрээ байгуулжээ.
Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр нэгээр нэмэгдэх тус станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах аж.
Тус станц ашиглалтад орсноор улиастайчууд дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдохоос гадна орон нутагт 2500 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж буй аж.
Тэгэхээр цахилгаан станц нь улс оронд ихээхэн ач холбогдол үзүүлэх бөгөөд ажилгүйдлийн тоо буурахад эерэгээр нөлөөлөх юм. Мөн 2015-2030 оны төвшинд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВт хүртэл өсөх тооцоо гарсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ мэтчилэн цахилгаан, дулааны станц барьж байгуулах шаардлага зайлшгүй бий болоод байгаа юм.
Монгол улсын эрчим хүчний 2015-2030 оны хэрэглээний өсөлтийн төлөв
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн гаргасан 2020 хүртэлх цахилгаан эрчим хүчний хэрэглээний таамаг, Азийн хөгжлийн банкны Зөвлөх компаний Улаанбаатарын ДЦС-5 төслийн техникийн судалгааны хүрээнд тооцоолсон Монголын болон Говийн уул уурхайн бүсийн цахилгаан эрчим хүчний ачааллын таамаг, "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд шаардагдах болон "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай" хуулинд тусгагдсан нийслэлийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч, "Уорли Парсонс" компанийн хийсэн аж үйлдвэрийн бүсүүдийн эрчим хүчний хэрэглээний тооцоо, 2010 онд ЭБЭХЯ-наас захиалж хийлгэсэн "Говийн бүсийн уул уурхайн томоохон хэрэглэгчдийн эрчим хүчний хангамж" ТЭЗҮ зэрэг аж үйлдвэрийн болон сууришлийн томоохон бүс нутаг, хот суурингуудаар хэсэгчилэн хийгдсэн судалгаануудын тоо, тооцоог тоймлон нэгтгэн тооцоолж үзвэл,
2015-2030 оны төвшинд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВт хүртэл өсөхөөр байна.
Мөн Таван толгой, Шивээ Овоо, Багануур, Адуунчулуун, Нүүрстхотгор, Бөөрөлжүүт, Чандганы болон бусад нүүрсний ордуудыг түшиглэсэн том чадлын цахилгаан станцуудыг барьж байгуулах шаардлагатай болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна