Энэ сарын 11-ний өдөр “Шинэ төмөр зам” болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийсэн билээ.
Ингэхдээ тусгай албаныхныг шалгалтын ажиллагаанд оролцуулсан нь олны анхаарлыг татаж, нийгэмд шуугиан тариад байсан.
Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Хуралд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү нар оролцлоо.
Шалгалтын ажиллагааны талаар мөрдөн байцаагч Б.Оргилын мэдээлж буйгаар нэр дурдагдсан хоёр компанид УИХ-ын гишүүн Х.Баттулга хувь эзэмшдэг болох нь тогтоогдоогүй. Мөн мөрдөн байцаагч Б.Оргил “Шалгалтын явцад эдгээр аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогчийн нэрээр эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон. Гишүүний туслахаар ажиллаж байсан хүмүүс хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээний албан тушаалд ажиллаж байсан байдаг” гэж мэдээллээ.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Нэгжлэг хийхдээ прокурорын зөвшөөрлөө танилцуулж, шалгалтын ажиллагаанд саад хийхгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагынханд сануулсан.
Гэвч шалгалтын ажиллагаанд хөндлөнгөөс санаатайгаар саад учруулсан учраас тусгай албаныхныг дуудахаас аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ ч үүднээс Тусгай ажиллагааны дүрмийн дагуу, хуулийн хүрээнд ажилласан” гэлээ. Мөн санаатайгаар саад хийсэн нэр бүхий хүмүүсийг хуулийн дагуу шалгана гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.
Мөн Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана “Тусгай ажиллагааны газрын дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас тусгай ажиллагаа явуулах дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Энэ үйл ажиллагаанд зарим өдөөн хатгалга, худал мэдээлэл их явж байна.
Тусгай ажиллагааны дүрмийн 3.1.2-т заасны дагуу цагдаагийн байгууллагын хэрэг шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс оролцсон. Тусгай ажиллагааны албаныхан оролцсоноор шалгалтын ажиллагаа амжилттай болсон” гэлээ.
Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэн ирсэн байлаа. Тэрбээр “Цагдаагийн байгууллагынхан өөрсдөө ингэж худал мэдээлэл өгч болохгүй. Нэгжлэг эхлэхээс л би Баянгол зочид буудалд байсан.
Цагдаагийн байгууллагынхны өөдөөс байгууллагынхан ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Цагдаагийн байгууллагынхан анх ирж, прокурорын зөвшөөрөл танилцуулахдаа л тусгай ажиллагааны албаныхантай ирсэн” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна