Авлигатай тэмцэх газрыг ажлаа сайн хийдэг гэж магтах нэгэн байхад хэтэрхий туйлширч хэрэг шалгадаг хэмээн матах хэсэг ч бий. Өчигдөр тус газар энэ онд хийж буй ажлаа цухас тайлагнасан харагдана билээ.
Тэрчлэн шалгаж буй хэргийнхээ явцыг танилцуулж, хэрхэн шийдвэрлэснийг ч дурьдсан. Энэ бүхнээс харахад, тус газрын ажил үйлс “ок” байгаа бололтой.
Ямартай ч олны анхаарлын төвд байдаг эл газар одоо бүр ч сонирхол татахуйц сонжооны нэг болов. Учир нь тус газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн нь ийн анхаарал татаж эхэлсэн гэхэд болно. Хэдийгээр эрүүл мэндийн шалгаанаас үүдэж тус газрын дарга ийм сонголт хийсэн гэх ч цаагуураа улс төрийн дарамт шахалт байсан юм биш биз гэсэн хардлага түгэх болж.
Үүнтэй зэрэгцэж АТГ-ын даргын орыг хэн залгах бол гэсэн таамаг ч хурдтай тархав. Одоогоор тус газар “эзгүй” байгаа. Айлаар зүйрлэвэл “аавгүй” болсон.
Гэсэн ч дараагийн даргын нэр, дүрс бүхий “хөзөр”-ийн дардас эрх баригчдын ханцуй дотор аль хэдийн шургалсан бололтой юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Авлигатай тэмцэх газрын даргын суудалд тухлах магадлалтай эрхмүүдийн тоонд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан бригадын генерал А.Дулаанжаргал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр нарын “дүрс”-тэй “хөзөр” газрын модонд хураагдаж.
Эдгээрээс Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан А.Дулаанжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгт нартай “хөзөр” гарт атгаастай байгаа гэх. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдох шаанстай нь тэд гэнэ.
Хуульд зааснаар 55-аас дээш насны хуулийн байгууллагад 10 жил ажилласан туршлагатай хүнийг тус албанд томилох учиртай. Эзэмшсэн мэргэжил, ажилласан байдал, дадлага туршлагыг нь харвал эдгээр эрхмүүдийн хэн нь ч тус газрыг удирдахад гологдохгүй. Ажлаа мэдэх хүмүүс. Харин нам, фракциар нь ялгавал яалт ч үгүй шигшигдэж мэднэ. Зүй нь хөзрийн тамгыг дэлгэх эрх нь эрх баригч намынханд бий. Энэ утгаараа намдаа элэгтэй, гар хөлийн үзүүрт тушаал гүйцэтгэх тийм л эрхмийг ил болгох нь тодорхой. Тэгэхээр тоглолтын эрхийг гартаа атгасан эрх мэдэлтнүүд толгой хөзрийг дэлгэх мөч удахгүй биз.
Авлигатай тэмцэх газрын дараагийн даргын сунгаанд давуу эрхтэй нэр дэвшиж яваа эрхэм бол Батын Хурц. Тэрбээр Улаанбаатар хотын унаган иргэн. Эдийн засагч бас хуульч мэргэжилтэй. 2000-2002 онд ТЕГ-ын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд ТЕГ-т газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 2009 оноос Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан намтартай. Түүний талаарх сайн, муу мэдээлэл бишгүй бий.
Үүний нэг нь хүн хулгайлсан хэргээр Англид хоригдож байхад нь нөлөө бүхий эрх мэдэлтнүүд хүч гарган хөөцөлдөж арай гэж суллаж эх оронд нь авчирсан хэмээн ярих нь бий. Тэрбээр удалгүй Авлигатай тэмцэх газрын орлогч дарга болж албан тушаал ахисан азтай нэгэн.
Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгт гэж хэн бэ. Түүнийг Ардчиллын анхдагч гэж тодотгодог. Товчхондоо, ардчиллын 13-ын нэг. Тэрбээр хэвлэлд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан шастиртай. 2012 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн түүхтэй. Дэгсдүүлж хэлэхэд, түүнийг Ерөнхийлөгчийн хүн хэмээн ярих нь бий.
Онцлог нь түүнд мөрдэс нэгт нөхөд нь ам сайтай байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, ажлаа хэнээр ч заалгахгүй хийчих чадвартай нэгэн гэж магтах нь бишгүй олонтаа. Харин А.Дулаанжаргалын хувьд мөн л туршлагатай хуульч хүн. Тэрбээр ахлах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж, эрүүгийн төлөөлөгч, гүйцэтгэх албаны дарга, тасгийн дарга гээд чамгүй олон жилийг хуулийн байгууллагын дээвэр дор өнгөрүүлжээ.
Цагдаа нарынхаа дунд сайн боловсон хүчин гэгддэгээс гадна шударга нэгэн гэж сайшаагддаг юм билээ. Ямартай ч тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад улмаар БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажилласан намтартай хүн. Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдох өндөр магадлалтай эрхмүүдийг онцлоход нэг иймэрхүү. Харин эдгээрийн хэн нь тус газрыг удирдах бол гэдэг бас л сонин.
Сэтгэгдэл байхгүй байна