Гэр хороолол дахин төлөвлөлттэй холбоотой иргэд орон гэргүй болж байгаа талаар өмнө мэдээлсэн. Дахин төлөвлөлтийн ажил эхлэх гэж байгаа тул газраа чөлөөл хэмээн иргэдийн толгойг угаасан асуудал гарсаар буй.
Гэвч өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн иргэд орон гэргүй болж, харин тухайн газар барилга барих ёстой ч барилгын ажил огт хийгээгүй ухсан нүх байсаар байгаа юм. Иргэд үүнд гомдолтой байгаагаа илэрхийлэх боловч тэднийг хэн ч сонсохгүй, энэ асуудлыг хэн шийдэж өгөх нь тодорхойгүй байна хэмээв.
Үүнээс гадна Нийслэлийн хэмжээнд энд тэндгүй ухсан нүх байна. Энэ нь өнөөх барилгын ажил явуулна хэмээн ухсан нүх аж. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран барилга барихаар ухсан нүх, газар шорооны ажлын судалгааг гаргажээ.
2016 оны гуравдугаар сарын 22-ны байдлаар нийт 30 нүх байгааг тогтоосон бөгөөд үүнээс Баянгол дүүрэгт 15 буюу хамгийн их нүх байгаа бол Багануур хотод ухсан нүх байгаагүй байна. Мөн ухсан 30 нүхнээс 18 нь хэн ухсан эсэх нь тодорхойгүй эзэнгүй бөгөөд нүхний эздийг тогтоох ажил явагдаж аж.
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх ухсан нүхийг булах, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй нүхний эздийг олох, ямар шалтгаанаар үргэлжлүүлэн ажил гүйцэтгээгүй байгааг тогтоож, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргүүдийн ЗДТГ-т үүрэг болгосон байна.
Мөн суурийн нүх ухаж ул бетон зутгасан, уг барилга нь тодорхойгүй шалтгаанаар үргэлжлүүлээгүй таван иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших болон барилга байгууламжийн угсралтын ажлын явцад илэрсэн зөрчил дутагдлыг зургаадугаар сарын 30-ны дотор арилгах шаардлагыг өгчээ.
Сэтгэгдэл байхгүй байна