“Монголын геологи, хайгуул 2016” хурал Континентал зочид буудалд болж байна. Хуралд геологи, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн компанийн төлөөллүүд оролцож байна.
Хурлыг нээн, Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлэв. Тэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи, хайгуулын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, салбарын ирээдүйн хөгжлийн суурийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдсэнийг онцлов. Мөн тусгай зөвшөөрлийг дахин олгож эхэлснээр тухайн бүс нутагт дэд бүтэц шинээр бий болох, ажлын байр, хүн амын суурьшил нэмэгдэх, цаашилбал Үндэсний аюулгүй байдал, газар нутгийг геологийн судалгаагаар баталгаажуулах чухал ач холбогдолтой гэв.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтоос улсын төсөвт орох орлогын тодорхой хувийг сум, орон нутагт нь шууд хуваарилах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулах зохицуулалтыг 2015 оны тавдугаар сард Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хийсэн юм.
Газрын тосны тухай хуулийг 2014 онд баталсан. Уг хуулийг дагалдан гарах Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар, Байгаль орчныг хамгаалах болон орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний загвар, Газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлага зэрэг 10 шахам заавар, журмуудыг боловсруулан батлуулсан талаар Р.Жигжид сайд танилцуулав.
Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны гишүүнээр Монгол Улс 2014 онд элссэн. Ингэснээр Ази дахь анхны гишүүн орон болж, өнгөрсөн онд Бразилд зохион байгуулсан ээлжит хуралдаанд анх удаа төлөөллөө оролцуулсан юм. Ингэснээр гадаад зах зээлээс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, үндэсний мэргэжилтнүүдийг олон улсын хэмжээнд ажиллах боломж нэмж байгаа юм байна.
Уул уурхайн яам Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Сентерра Гоулд Монголиа, Зөөвч Овоо, Дулаан уулын ураны ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Арева, Мицубиши компанитай Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулахаар хэлэлцээ эхлүүлжээ.
Засгийн газраас Монгол орны геологийн тогтцыг нарийвчлан судлах, ашигт малтмалын орд, илрэлийг тогтоох, тэдгээрийн тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлан, нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг түлхүү хөгжүүлж, эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажилд 2016 онд 11.3 тэрбум төгрөгзарцуулахаар УИХ-аас баталсан. Эдийн засгийн хүндрэлтэй байдалтай уялдан санхүүжилт буурсан ч 2016 онд 9.3 тэрбум төгрөгөөр батлуулсан байна.
Олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ уналттай байсан. Гэвч 2015 онд 250 гаруй уурхай, уулын үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.1 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.2 хувь, экспортын орлогын 78.8 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.
Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үндэсний геологийн алба байгуулах тухай эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан Засгийн газар, УИХ-аар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна