Цахим ертөнцийн гол сэдэв болж, нэр холбогдоод буй Мүүний талаар БСШУ-ны яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн талаар бид товч мэдээлэл хүргэсэн.
Тэрээр “Сошиал ертөнцөд цэнхэр үст Цэрэн гэж танигдсан эмэгтэй болон бусад хүмүүс ямар ч үндэслэлгүй мэдээлэл тарааж байна. Тиймээс нэр төрд халдсан хэргээр хууль хяналтын байгууллага болон ТЕГ-т хандаж шалгуулна. Боловсролын салбарт “Мүүн”-ийн бодлого оруулсан нэг ч үйлдэл байхгүй.
Сонгууль угтаж иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн зохион байгуулалттай явуулга. Өнгөрсөн жилүүдэд хэлмэгдүүлэлтийг бие, гэр бүл, сэтгэл зүрхээрээ мэдэрч байна” гэлээ. Мөн ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн юм. Ингээд түүний яриаг дэлгэрэнгүйгээр нь хүргэе.
Энэ асуудалтай холбоотой ямар нэг хардлага төрж байна уу?
Христийн болоод лалын шашны хүмүүс гар бариад уулзаж л байна. Энэ нь нэг нь нөгөөдөө уусаж байгаа гэсэн үг огт биш. Хүн хэнтэй ч, хаана ч, хэзээ ч, хэдэн ч удаа уулзсан байж болно.
Тэр уулзсаных нь төлөө, магадгүй тэр байгууллагад залуу хүнийхээ хувьд орж ажилласных нь төлөө яллана гэдэг бол асар том хэлмэгдүүлэлт гэж бодож байна.
Тиймээс сонгуулийн уур амьсгалтай холбоотой зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж хардаж байгаа. Үүний захиалагч болоод зохион байгуулж байгаа хүмүүсийг албан ёсоор шалгуулахаар ТЕГ-т хүсэлт гаргасан.
“Мүүн”-ий шашныг гаж хэмээн үзэж хориглодог. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
Энэ бол тухайн улс орнуудын өөр өөрийнх нь бодлого холбоотой байх. Монгол Улсын хувьд үүнийг Хууль зүйн яам болоод харъяа байгууллагууд шалгаад Монгол Улсын язгуур эрх ашигт нөлөөлөх үү, юу нь болохгүй байна вэ? гэдгийг жил болгон шалгаж байх ёстой. Мөн жил болгон тайлан авч байх ёстой. Тэгэхээр хууль зүйн байгууллага албан ёсны хариулт өгөх ёстой.
Мөнгө угааж байж магадгүй гэсэн яриа гарсан. Энэ шашин нь боловсролын салбарт шургалдаг гэсэн мэдээлэл байна. Үүнд хариулт өгнө үү?
Би Монгол хүн, аль нэг зүйлийн төлөөлөл болчоод тэрийг хийх гээд явах уу? би Монголд амьдарна миний хүүхдүүд ч мөн Монголд хүн. Би гадаадад амьдарч байгаад ирээд монголчуудыг бутаргах ажил хийгээгүй. Тиймээс энэ бүх зүйл дээр хүмүүс тодорхой ойлгооч ээ. Би магадгүй, гадаад нөхөртэй гадаадад амьдарч байгаад ирээд ийм зүйл ярьсан бол хардаж болно. Гэтэл би Монгол хүүхэд болгон яаж өөртэй итгэлтэй шийдвэр гаргах, бүтээлч байх вэ? гэдгийн төлөө өдөр шөнөгүй дөрвөн жил ямар амралтгүйгээр ажилласан. Ажилласныхаа төлөө ажлаа хамгаалахын төлөө явна. Цаашлаад хүний эрхийг зөрчиж байгаа бүх зүйлийн төлөө тэмцэж явна.
Ажлаа хүлээлгэж өгнө гэсэн. Ямар нэгэнт шахалтаас болж ажлаа өгч байгаа гэж ойлгож болох уу?
Би өргөдлөө өгнө гэсэн. Үүнийг манай сайд шийдэхгүй Төрийн нарийн бичгийн дарга шийддэг. Холбогдох хуулийн дүрмийн дагуу шийднэ. Шахалт гэхээсээ илүүтэйгээр үндэсний аюулгүй байдал, фэйсбүүкт залуусыг турхирч байгаа байдал, ирээдүй хойч үе, залуу хүмүүсийн боловсрол, нийгэмд үзэгдэж байгаа сөрөг үзэгдлээс санаа зовж энэ шийдвэрийг гаргасан. Түүнээс биш хэн нэгэн дарамт үзүүлээгүй.
Ц.Цэрэн шаардлага тавьж, Б.Насанбаяр ажлаа өгөхөөр боллоо
Ч.ГЭРЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна