“Дөрвөн төрлийн халдварт өвчний дэгдэлт дээд цэгтээ тулж, Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсны горыг дөрвөн настай хүү амь насаараа амссан тухай" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Энэ талаар Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улаанбурхан өвчнийг устгасан гэсэн мэдээлэл хийсэн нь худлаа хэмээн онцолсноос үүдээд дөрвөн настай хүүхдийн үхлийг улс төржүүлж байна уу гэсэн асуулт, маргаан дэгдээлээ.
Харин Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд асуудлыг огтхон ч улстөржүүлээгүй гэж мэдэгдлээ. Ингээд түүний яриаг хүргэж байна.
- Улаанбурхан өвчин бүрмөсөн устсан гэсэн худлаа юм уу? Та асуудлыг улстөржүүлж байгаа хэрэг биш биз?
- Би энэ асуудлыг улстөржүүлж байгаа юм биш. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрөө улстөржсөн мэдэгдэл хийсэн. Үүний горыг өнөөдөр хүүхдүүд амсч байна. 2016 он гарснаас хойш улаанбурхан өвчнөөр 0-1 насны 10 гаруй хүүхэд нас бараад байна.
Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо сүүлийн хоёр долоо хоногт судалгаа хийх гэж олон газруудаар явсан, улаанбурхан өвчний талаар эмнэлгийн удирдлагуудтай ярилцсан. Хамгийн харамсмаар нь өнөөдөр улаанбурхан өвчин хүнд нөхцөл бий болчихоод байхад төр засгаас нэг ч хүн анхаарахгүй байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн устчихлаа гээд байсан улаанбурхан өвчин гараад ирлээ.
- Дөрвөн настай хүүхэд энэ өвчнөөр нас барсан байна. Эмчлэх боломж байгаагүй юм уу? Биеийн байдал ямар байсан бэ?
- Дөрвөн настай тураалтай, эгэм нь хугарсан, эмч нарын ярьж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмнэлэгт ирсэн байсан. Маргааш нь тухайн хүүхдийг эргэхээр манай холбооноос хүн явуулсан. Гэтэл хүүхэд нас барсан гэсэн мэдээ ирсэн.
- Эмч нар энэ талаар мэдээлэл өгөхгүй байгаа гэсэн. Яагаад?
- Ган зуд боллоо гээд малчдад туслах хөдөлгөөн өрнүүлдэг. Гэтэл өнөөдөр улаанбурхан өвчин оргил, цэгтээ хүрчихээд байхад төр засгийнхан чимээгүй, эмч нар мэдээлэл өгөхгүй, ямар нэг байдлаар уулзахад хориотой болсон байна. Өвчлөл гамшгийн хэмжээнд хүрсэн. Хүний амь эрсдчихээд байхад дуугүй байна гэдэг бол хүний амь нас малаас дор болчихож гэдгийг л харуулж буй хэрэг.
Эмч нартай уулзахад зургаан эмч ажиллаж байх ёстой байхад гурван эмч л ажиллаж байна. Эмч нар 24 цаг ажиллаад 48 цаг амрах ёстой байдаг бол өнөөдөр шууд тулж ажиллаж байна. Мөн эмч нарын илүү цагийн мөнгийг олгохгүй байгаа. Эмч нар төрд өргөсөн тангарагтаа үнэнч ингэж ажиллаж байна гэж хэлж байна. Энэ бүхэн хүүхдийн эрүүл мэндийн асуудалд төр засаг анхаарахгүй байгааг харуулж байна.
- Хүүхдүүдийг эмчлэх багаж, тоноглол хэр хангалттай байгаа вэ?
- Эмнэлгийн багаж хэрэгсэл гэж хэцүү юм байгаа. Зургаан хүүхдийн дунд нэгхэн оношлогооны аппарат, хоёр хүүхдийн дунд нэг амьсгалын аппарат байна. Энэ нь хангалттай биш гэсэн үг. Халдвартын дарга нь “Тендер зарлаж, ирүүлсэн тоног төхөөрөмж нэг сарын дараа эвдэрч байна. Хүүхдийн амь нас ярьж байхад тендертэй холбоотой асуудал гарч байна” гэж ярьж байна.
Нэг орон дээр хоёр хүүхэд хэвтүүлж байна. Нэг хүүхдэд нэг байх ёстой амьсгалын аппаратыг салаалуулаад хоёр хүүхэд хэрэглэж байгаа. Хүүхдүүдийн байдал маш хүнд байна.
- Энэ чиглэлд хичнээн сая төгрөг төсөвлөөд, хичнээнийг нь тусламжаар авч байгаа талаар албан ёсны тоо байгаа юу?
- Энэ асуудлаар тухайн байгууллагын санхүүтэй уулзсан. Эмнэлгийн хангамж хүртээмж муу байгаа. Халдварт өвчний эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авдаггүй. Цэвэр улсын төсвөөс санхүүждэг. Энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй. Тиймээс даатгалын тогтолцоог өөрчлөн даатгалын сангаас санхүүжүүлэх ёстой. Өнгөрсөн 2015 онд ХӨСҮТ 613 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Мөн эмнэлгийн байгууллагынхан мэдээлэл өгөхөөс айдаг, ажлаасаа халагдах вий гэсэн айдастай байна. Засгийн газар, нийслэлийн захиргаанд маш том нөөц хөрөнгө байдаг. Энэ нөөц хөрөнгөнөөс ашиглах боломжтой. Гэтэл тариа хангамжийн мөнгө, ажиллах хүчний дутагдалтай байна.
- Одоо Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны зүгээс юу хийх вэ?
- Одоо бид үүнтэй тэмцэнэ. Сан байгуулна. Сан байгуулснаар ядарсан, өвдсөн иргэдэд туслах болно.
- Тэгэхээр одоо та яг ямар шаардлага тавьж байгаа юм вэ?
- Эрүүл мэндийн яамны сайдыг томилооч ээ. Эрүүл мэндийн салбар эзэнгүй болчихлоо. Халдварт судлалын төв эзэнгүй байна. Энэ мэтчилэн эзэнгүй байгаа салбарыг эзэнтэй болгох хэрэгтэй байна.
Мөн энэ үеэр Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Авирмэд “Дээрх асуудлын талаар ярьсан эмч нар нэрээ дурьдахгүй байхыг хүссэн” гэж анхаарууллаа. Түүнчлэн эмнэлэгт эмчлэгдэж буй хүүхдүүд болон хүрэлцээ муутай байгаа аппаратны талаарх бичлэгийг үзүүлсэн юм.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна