“Монголын эмэгтэйчүүдийн сан”-аас Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар 2012-2015 оны хооронд төрийн бус байгууллагуудаас хийсэн тоон, чанарын, баримтын судалгаануудын тайланг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Ингээд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлийн эсрэг юу хийх ёстой талаар “Монголын эмэгтэйчүүдийн сан”-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
- Эмэгтэйчүүдийн эрх ямар тохиолдолд хамгийн их зөрчигдөж байна вэ? Мөн эрхийг зөрчсөн этгээдэд хууль өмнө хариуцлага хүлээлгэх боломж хэр байдаг вэ?
- Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг ярихад жендерээс үүдэлтэй хүчирхийлэлийн асуудлыг гарцаагүй хөндөх ёстой болно. Жендерээс хамаарч эрх нь зөрчигдөж байгаа хүчирхийлэлийн бүх хэлбэр буюу бэлгийн хүчирхийлэл, гэр бүл, бие махбодийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэм хэрэг гэх мэт маш олон асуудал байна. Үүнд ямар нэг хариуцлага тооцох гэхээр энэ хэрэг далд хэлбэрээр үйлдэгдэж байдаг. Тухайн үйлдэл ил болсон тохиолдолд хэргийг үйлдсэн этгээдийг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх боломжтой. Маш олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд байна. Энэ тохиолдолд тухайн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Ийн хүчирхийлсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Үүнээс гадна хүн худалдаалах гэмт хэрэг байна. Энэ хэргийг зөвхөн гадаад л үйлдэгдэж байгаа гэж боддог гэвч энэ нь дотоодод хүн худалдаалах гэмт хэрэг гарч байна. Тухайлбал: эмэгтэйчүүдийг биеийг нь хүчээр үнэлүүлэх явдал мөн л далд байдалд үйлдэгдэж байгаа ба сүлжээ бий болсон. Энэ хэргийг ч мөн эрүүгийн хуулийн дагуу хуулиийн өмнө хариуцлага хүлээлгэхийн тулд ил байдал бас чухал юм.
Үүнийг иргэд мэдэж байгаа ч тэдний дуу хоолой үгүйлэгдэж байна. Тухайн гэр бүлийн хүчирхийлэл өөр бусад байдлаар хүчирхийлэгдэж байгааг хөрш нь хуулийн байгууллагад мэдээлж байх хэрэгтэй.
- Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхгүй байхын тулд өөрийгөө яаж хамгаалах ёстой вэ?
Эмэгтэйчүүд мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ энэ талын мэдээлэл их хомс байна. Бэлгийн дарамтад өртөж байгаагаа мэдэхгүй мэдээлэл байхгүйгээс болж энэ хэргийн хохирогч болж байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл өгөх хэрэгтэй. Тухайн хүн ч гэсэн өөрөө энэ тал дээр анхаарах нь зөв.
- Танай байгууллагын зүгээс иргэдэд энэ асуудлын талаарх мэдээллийг олон нийтэд хэр хүргэж байгаа вэ?
Хамгийн их системтэй мэдлэг олгох асуудал. Бид ЕБС-иас энэ системтэй мэдлэгийг түгээх хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ бол хүчирхийлэл юм байна, хүний эрхийг ингээд зөрчиж байна, энэ зөрчил бий болоход би хаашаа хэнд хандаж ямар тусламж авах ёстой вэ гэдгийг хүүхэд ахуй цагаас нь төлөвшүүлж байж энэ хүчирхийлэлийн асуудал багасана. Байгууллагын хувьд чадах чинээгээрээ олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа.
- Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт ....
Эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах нилээд олон хууль гарч байна. Жендерийн эрх тэгш байдлыг хамгаалах хууль гарлаа. Хуулийг хэрэгжүүлэх тодорхой хугацааны хөтөлбөр гарсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх хуулийн шинэчилсэн найруулга гэх мэт олон хуулиуд гарч байна. Энэ талын мэдээллийг олон нийтэд өргөн түгээх, сурталчилж байж энэ хэрэг үндсэндээ багасах учиртай.
- Ажлын байрны бэлгийн дарамт хэр их гардаг вэ?
Ажлын байран дахь бэлгийн дарамт өргөн хүрээг хамраад байгаа. Энэ төрлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байгаа. Тиймээс үүнтэй холбоотой мэдлэгийг мэддэг болох тусам үүнд өртөж байна гэдгээ мэддэг болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах үе шатандаа явж байна. Энэ хуулинд шинэ зүйл заал орж байгаа. Долдугаар бүлэгт: Ажлын байран дахь бэлгийн дарамтаас хамгаалах. Ажлын байрны бэлгийн дарамт гарах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх заалтууд ч мөн орсон. Өнөөдрийн байдлаар судалгааны төвшинд яригдаж байгаа болхоос биш ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаа эмэгтэйчүүд хэнд хандах тал дээр тодорхой мэдлэггүй байдаг.
- Хүчээр биеийг үнэлүүлэх тухай дээр ярьсанн шүү дээ. Энэ нь сүлжээ хэрэг болоод байгаа юу?
Тийм ээ. Энэ нь сүлжээ хэрэг болсон. Саун массаж гэх нэрийн дор охидыг хүчээр биеийг нь үнэлүүлэх тохиолдол олон байна. Тэгэхээр үүнтэй холбоотой хуулийг хэрэгжүүлэхэд төрийн оролцоо их хэрэгтэй байгаа.
- Энэ асуудалд төр засгаас юу хийвэл зохистой вэ?
Хууль. Энэ талаар хууль гарсан байгаа. Түүнийг хэрэгжүүлэх механизмыг сайжруулах хэрэгтэй.
- Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ-уудын үйл ажиллагаа үр дүнтэй байдаг вэ?
Энэ ТББ-ууд судалгаа хийхээр түүнийг хэвлүүлэх боломж байхгүй байна. Аль нэг байгууллагын санхүүжилтээр хийлээ ч тухайн үедээ тодорхой арга хэмжээ авч өнгөрнө. Гэтэл үүн дээр маш олон асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс бид эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын талаарх мэдээллийн зар, цахим хуудсыг нээж байгаа. Үүнээс эмэгтэйчүүд мэдээлэл авах боломж бүрдэх юм.
- Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын санхүүжилт ямар байдаг вэ?
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ-д тулгамдаад байгаа зүйл бол санхүүгийн асуудал. Зарим байгууллага хэдийгээр энэ талаар ажил хийх хүсэлтэй байгаа ч ямар нэг үйл ажиллагаа явуулахад санхүүгийн хүндрэл бий болдог. Төр үүнийг санхүүжүүлэхгүй байна. Төрийн чиг үүргийг зарим ТББ-аар гүйцэтгүүлнэ гэсэн ч эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагат санхүүжилтээс болж үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байдаг.
- Энэ онд танай байгууллагаас дээрх асуудлаар ямар ажлыг хиййх вэ?
Бид ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа. Эхлээд Дорнод аймаг, Багануур дүүрэгт туршиж байгаа. Нэг удаагийн сургалт иж бүрэн болно. Дээрх хичээл 9, 10, 11-р ангийн хүүхдүүд найм найман цагаар орно. Энэ ажлын хийхээр төлөвлөөд байгаа.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна