Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд өнөө өглөө үүрээр гал гарчээ. Үүр шөнийн заагт буюу 03:00 цагийн үед тус захын бөс, барааны хэсэгт гал гарсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Харамсалтай нь Нарантуулын удирдлагууд болоод худалдаа наймаа эрхлэгч иргэдтэй хэвлэлийнхнийг уулзуулахгүй байна. Тухайн бүсэд хязгаарлалт хийж, цагдаагийн хамгаалалтад авч, сэтгүүлчдийг зах руу нэвтрүүлэхгүй байгаа юм.
Гал тус захын баруун өмнөд хэсэгт байрлах бөс барааны лангуу хавиас гарсан гэх бөгөөд бөс барааны найман эгнээ лангуунууд бүрэн шатсан гэнэ.
Нэг эгнээнд арав гаруй хүн нйамаа эрхэлдэг бөгөөд нэг лангуунд л гэхэд 10-100 сая төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн байсан гэж түрээслэгчид хэлж байна. Захын удирдлагууд урьд өмнө гарсан галын дараа захыг бүхэлд камертай болгосон гэж байгаа ч урьд шөнийн галын дүрс камерт үлдсэн гэдэгт худалдаа эрхлэгчид итгэлгүй байна. Учир нь камернууд нь байсгээд л эвдэрдэг гэмтэй гэнэ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас "03:36 цагт галын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Галыг унтраахаар найман ангийн аврагч, гал сөнөөгч нар ажиллажээ. Өглөөний 08:10 цагийн байдлаар Нарантуул захын галыг унтраасан ч бүрэн унтрааж задаргаа хийж шалгахаар гал сөнөөгчид ажилласан хэвээр байлаа.
Нарантуул худалдааны төв урьд хоёр ч удаа галд автаж байсан юм. 2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан юм. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна