• Эхлэл
  • Банкнууд тагнуулын экс агентуудыг хөлсөлж эхэлжээ

Банкнууд тагнуулын экс агентуудыг хөлсөлж эхэлжээ

2016/02/22

Дэлхийн хөрөнгө оруулалтын хэд хэдэн банкны ажилтнууд хууль бус үйл ажиллагаа явуулсны дараа удирдлагууд нь ажилтнуудынхаа ёс зүйг сайжруулах арга хэмжээ авах шийдвэр гаргажээ. Блумбергийн мэдээлснээр зарим тэргүүлэгч банкнууд трейдер болон брокеруудын хууль бус үйлдлүүдийг илрүүлэх зорилгоор тусгай албадад ажиллаж байсан агентуудыг хөлсөлж эхэлжээ. Гэсэн ч шинжээчид энэ үйлдлийг банкны имиж хийгээд ажилтнуудын дунд тавгүй байдал үүсгэх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ.

Блумбергийн цуглуулсан мэдээллээр банкны аюулгүй байдлын алба, хүний нөөцийн ажилтнууд цахим холбоо, нууцлал, сэтгэл зүйч зэрэг тусгай албадын ажилтнуудыг ажилд авдаг болсон байна. Тусгай албадын ажилтнууд банкны ажилтнуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийхээс гадна трейдерүүдийн зан байдлыг шинжилдэг болсон байна.

Банкнуудын удирдлага алан хядлагатай тэмцэж туршлага суусан тусгай ажилтнууд банкны салбарын луйварчдыг илрүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Сүүлийн хэдэн жилийн дотор хөрөнгө оруулалтын банкнуудын ажилтнуудын холбогдсон хэд хэдэн том хэрэг гарсны дотор банк хоорондын LIBOR хүүтэй холбоотой хууль бус үйлдэл, томоохон үйлчлүүлэгчдэд татвараас зайлсхийхэд тусласан, валютын ханшин дээр тоглосон зэрэг багтсан байна.

Дээрх хэргүүдийн мөрдөн байцаалтын үр дүнд нилээд олон банк маш олон сая долларын шийтгэл хүлээсэн учир банкнуудын удирдлага ийм төрлийн хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэх сонирхол ихтэй байгаа юм. Блумбергийн олж авсан мэдээллээр Barclays, Deutsche Bank, HSBC, JP Morgan Chase зэрэг банкууд Их Британи, Америкийн зэвсэгт хүчний тагнуул, Тагнуулын Төв газар болон Их Британийн төрийн харилцаа холбооны удирдлагын газарт ажиллаж байсан хэдэн арван ажилтныг хөлслөөд байгаа ажээ. Банкнуудын удирдлага энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна