Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах, иргэдийн цаг, завыг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан.
Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 06-ны бямба гараг, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 07-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалт хийнэ.
Үүнээс гадна Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 25-ны өдөр нийт 419 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 367 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 16 бүртгэгдэж, нэг хүн нас барж, 23 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан томоохон худалдааны төв, зах орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал бий болдог. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар тээврийн хэрэгслээ зогсоолын талбайд зөв байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, явган зорчигчдод зам тавьж өгөх, өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын цагдаагийн газраас уриалж байна.
Сэтгэгдэл байхгүй байна