• Эхлэл
  • Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол?

Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол?

2026/06/26

Бид чухал асуудлуудаа эрэмбэлж чадахаа байжээ. Тийм ч учраас утга учиргүй хэрүүл уруулд л улсаараа татагдан ордог төдийгүй, түүнд автан живэв. Тийм атал амин чухал асуудлууд дээрээ гүлдийгээд сууцгаачихдаг. Цахим ертөнцийг нь хуурамч эм, бэлдмэлийн сурталчилгаа эзэлж байхад дуугүй. Өвчин зовлон дээр нь гадны хуурамч бүтээгдэхүүн авчраад асгаж байхад чимээгүй.

Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-д энэ мэт асуудлууд сонин биш. Тэдэнд үхтэл зууралдах эрх мэдлээ хамгаалж үлдэх л нэн тэргүүний асуудал нь болохоор тэд аль болох саармагжуулах ажиллагаа л явуулна.

Яагаад энэ салбарын толгойд байгаа эгнээнийхний тухай бичээд байгаа юм бэ, яагаад ХӨСҮТ, Глобаль сан, Нэгдүгээр эмнэлэг, дүүргийн эмнэлгүүдэд угсрагдсан эрх мэдлийн хонгилыг ухаад байгаа юм бэ гэдгээ ахиад нэг тайлбарлах гэж үзье.

Би анх гепатитын Д вирусийн эсрэг эмчилгээний талаарх мэдээлэл цуглуулж эхэлсэн юм. Мэдээж энэ ажил тодорхой хананд очоод тулж таарна. Учир нь эдгээр мэдээллүүд ил хэвтэж байдаггүй юм. Монголчуудын хамгийн чухал асуудлууд монголчуудаас нь нууц байдаг.

ДЭМБ-ийн мэдээлснээр дэлхий дахинд 254 сая хүн гепатитын В вирусийн архаг халдвартайгаар оношлогдон, түүнтэйгээ тэмцэн амьдарч байна. 2019 оны байдлаар 12 сая хүн гепатитын Д вирусийн халдвартай гэж мэдээлж байв. Энэ бол зүгээр нэг гүлдийгээд хүлээж авах тоо биш. Тийм ч учраас бид сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр аанай л чихнийхээ хажуугаар аливааг өнгөрөөдөг өнгөрөөдөг гэхэд бас ч гэж сортосхийж асуудал руугаа харцгаасан.

Тэгээд Монгол улсад 2021 оны байдлаар буюу одоогоос таван жилийн өмнө гепатитын С вирусийн халдвартай 306,000 хүн, гепатитийн В вирусийн халдвартай 170,000 хүн байна гэж тодорхойлсон. Мөн 66,000 орчим хүн гепатитийн Д вирусийн халдвартай гэж урьдчилсан тооцоолол хийсэн байдаг.

Одоо бодит байдал маань ямар байгааг нэг харцгаая.

Монгол улс өнөөдөр:
- Элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийд нэгдүгээр байранд
- Элэгний хавдрын шалтгаант нас баралтаараа мөн нэгдүгээр байранд ордог ба элэгний эмгэгийн өвчлөл хамгийн өндөр орон болчихоод байгаа юм.

Тэгвэл элэгний эмгэгийн шалтгаан яг юу юм бэ.
- Элэгний эмгэгийн шалтгааны ихэнх хувийг В,С,Д вирусийн халдвар эзэлдэг бөгөөд үүний дотроос В болон Д вирусийн шалтгаан нь 70-80%-г эзэлдэг аж.

Иймд В болон Д вирусийн шалтгаант элэгний эмгэгийг эрт илрүүлэх, халдвартай иргэдээ эмчилгээнд эрт хамруулж, өвчнийх нь хүндрэлээс, цаашлаад нас баралтаас сэргийлэх зайлшгүй шаардлага бидний нэн тэргүүнд тавих асуудал мөн гэдэгтэй эрхбиш маргах боломжгүй байх.

Засгийн газрын “Элэг бүтэн” хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос гепатитын С вирусын эсрэг эмчилгээг нэвтрүүлэн, С вирусгүй улс гэж зарлаж байсан гэвэл одоо манай ухаантнууд “үгүй” л гэх байх. Тэр бүү хэл, В болон Д вирусийн эсрэг эмчилгээг 2024 оноос “Элэг бүтэн” хөтөлбөрийн хүрээнд улсын таван эмнэлэгт эхлүүлсэн.

Манай Эрүүл мэндийн салбарын “Дарга анги” мөнгө цохьсон ч бас эхлүүлсэн гэж хэлэх нь зүйтэй.

Өнөөдөр үндэсний хэмжээнд гепатитын Д вирусийн илрүүлэг шинжилгээг ХӨСҮТ-с гадна Завхан, Төв аймаг болон ХУД-ийн ЭМТ хийж байгаа бөгөөд B болон Д вирусийн идэвхжил тодорхойлох буюу тоолох шинжилгээг ХӨСҮТ, Төмөр замын эмнэлэг, Итгэл, Happy veritas, Элэг төв зэрэг газруудад хийж байна.

Пег-интерферон эмчилгээ гэж элэгний эмгэгээр энэлж байгаа манай иргэд сайн мэднэ. Энэ эмчилгээ чинь олон улсад бол аль тэртээ 1980 оноос, Монгол Улсад бол 2005 оноос вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн бөгөөд 2018 онд ДЭМБ гепатитын Д вирусийн эсрэг эмчилгээнд хүлээн зөвшөөрөн дэлхий даяар хэрэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь дөнгөж найман жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Эцсийн эцэст бидний мэдээлэлгүй дээр “Дарга анги” тоглодог. Ийм боломж нь цаанаас нь ингэж олддог. Ерөөс дэлхий дээрх хамгийн том бизнес бол эмийн бизнес байдаг. Тийм болохоор энэ талбар дээр том “дайн” өрнөж байдаг гэсэн үг.

Булевиртид эмчилгээ гэж мөн манайхан мэдэх байх. Энэ эмчилгээг 2023 онд “Европын элэгний эмч нарын холбоо” хүлээн зөвшөөрч эмчилгээнд нэвтрүүлсэн бол 2026 онд Америкт FDA хүлээн зөвшөөрч, Д вирусийн эсрэг ганц эмчилгээ гэж зарласан байдаг. Харин Монгол улс Булевиртид эмчилгээг 2024 онд эмчилгээ оношлогооны удирдамжиндаа оруулан эмчилгээнд нэвтрүүлж, цөөн ч гэсэн халдвартай иргэдээ хамруулж эхэлсэн юм.

Ингэж элэгний эмгэгийн хүнд хөнгөний байдал, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч эмчлүүлэгчид Д вирус тоологдсон буюу идэвхжилттэй л бол Пег-интерферон болон Булевиртид эмчилгээнээс сонгон хэрэглэх боломжтой болсон билээ.

  • Булевиртид эмчилгээ нь 2020 оны долдугаар сард Европын Холбоонд маркетинг нь зөвшөөрөгдөж, 2023 оны долдугаар сард стандарт удирдамжиндаа оруулан эмчилгээнд хэрэглэж эхэлсэн.

  • Монгол Улсад 2023 оны долдугаар сард өнчин эмийн жагсаалтанд бүртгэн 2024 онд эмчилгээний удирдамждаа нэмж оруулан хэрэглэх боломжтой болсон юм билээ.

Энэ эмчилгээний гол зорилго нь вирусийг идэвхгүй болгож элгэнд явагдаж байгаа үрэвслийг бууруулан хүндрэлээс сэргийлэх, цаашлаад элэгний хатуурал, хавдраас сэргийлэх юм.

Пег-интерферон эмчилгээ 48-72 долоо хоногийн турш долоо хоног тутам нэг удаа арьсан дор тарвьдаг. Булевиртид нь 96 буюу түүнээс дээш долоо хоног үргэлжилдэг буюу өдөр бүр арьсан дор тарьдаг.

Булевиртид эмчилгээ нь өртөг зардал маш өндөр ч гаж нөлөө бага. Үр дүн сайтай. Пег-интерферон эмчилгээ нь өртөг зардлын хувьд харьцангуй бага, олон хүнийг хамруулах боломжтой юм. Ийм хоёр эмчилгээ явагдаж байгаа.

Энэ хоёр эмчилгээнд хамруулах үйл ажиллагааг нь одоогоор ХӨСҮТ-д эмчилгээний асуудал шийдвэрлэх эмч нарын зөвөлгөөний баг шийдвэрлэж байгаа юм.

Эмчилгээнд өвчтөн хамруулах журмыг 2024 онд гарган, 2025 онд шинэчлэн сайжруулах нэрийдлээр өвчтнүүдийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэхгүй зургаан сар буюу хагас жил гацааж байгаад эрүүл мэндийн сайдыг шинээр томилогдонгуут 2026 оны дөрөвдүгээр сард мэдээлэл муу мэргэжлийн бус гэдгийг нь далимдуулан өөрсдөдөө ашигтайгааар батлуулж чадсан байдаг. Эрүүл мэндийн салбарын тархиндээр сандайлсан хулгайчууд ингэж сиймхийг анаж байдаг. Тэдэнд өвчтэй хүмүүсийнх нь тарчлаан хагас жилээр үргэлжлэх огтхон ч падгүй байдаг.

Энэ үйл ажиллагаа нь эмчлүүлэгчдийг ялгаварлан гадуурхсан, хэн эмчилгээнд хамрагдаж байгааг нуусан, журмын бус үйлдэл хийх таатай нөхцлийг бүрдүүлсэн гэж би хардаж байгаа юм. Угаасаа мянга мянган өвчтэй иргэд бие сэтгэлээрээ мэдрэн бухимдаж байгаа юм.

Үүнээс гадна эмчилгээнд хэрэглэж байгаа Пег-интерферон, Булевиртид тарилгыг цаашид худалдан авч, шинэ тутам өвчтнийг эмчилгээнд хамруулах чухал асуудал ХӨСҮТ-ийн одоогийн удирдлагын ажилдаа хувийн ашиг сонирхлын үүднээс ханддаг, бүхнийг мөнгө гэж хардаг хандлагаас болоод тодорхойгүй байдалд ороод байгааг эмчилгээнд хамрахаар өчнөөн жил хүлээж байгаа эмчлүүлэгчид халаглан ярьж байна. Тэд хаана, хэнд, хэрхэн хандахаа ч мэдэхгүй байдалд байгаа билээ.

Манай улс битгий хэл дэлхийн олон улсын эмчилгээний стандартад байдаг Пег-интерферон тарилгыг өөрийгөө элэгний эмч гэж цоллодог сайд асан нь хүртэл эмчилгээнээс хасагдсан хортой тарилга хэмээн хэвлэлээр хэнэг ч үгүй зарлаж байгаа нь түүний одоо ч удирддаг “Дарга анги”-д хэчнээн их хувийн ашиг, ханаж цаддаггүй сонирхол байгааг нь илтгэнэ. Учир нь өөрийн нэвтрүүлж байгаа гэх Хятад тариагаар өвчтнүүдийг эмчлэх нэрийн дор судалгаа туршилт хийж, их хэмжээний ашиг олох хүсэл нь олон улсад хэрэглэж буй эмчилгээнээс татгалзах үндэс нь юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамны шийдвэр гаргах ёстой эрх мэдэлтнүүд нь өөр хоорондоо ам дамжуулан ярилцаж байгаа ч олон мянган вирусийн халдвартай иргэний төлөө эсэргүүцэн болиулахгүй байгаа нь албан тушаалдаа шигдэх хувийн хүсэл шуналтай нь холбоотой. Мэдээж зарим нь дарамт шахалтаас айж байгаа нь илт.

Үүгээр ч тогтохгүй олон улсад хүлээн зөвшөөрсөн Булевиртид тарилгыг өнчин эмийн жагсаалтаас хасаж, цаашид эмчилгээнд хэрэглэх битгий хэл бүр хэрэглэх боломжгүй болгохоор удаа дараа хуралд санал оруулж байгаа ЭМЯ-ны газрын дарга хүртэл байх юм. Олон улсад хэрэглэж байгаа шинэ эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүлэх гэж 2024 оноос хойш ажилласан олон арван эмч, мэргэжилтний хөдөлмөрийг ингэж үнэ цэнэгүй болгохоор улайрсан даргад бас л эзэндээ үнэнч үйлчлэх боолын ашиг сонирхол байна.

Мөн Хятад тарилгаа өнчин эмийн жагсаалтад оруулж олон хүний эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулахаар ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд ЭМЯ-ны сайд дарга нарын үүдийг сахиж, лобби хийгээд удаж байгааг мөн л яамныхан жиг жуг гэлцэх юм.

2025 оноос дэгдсэн улаан бурхан өвчнөө одоог болтол дарж чадаагүй, өнгөрсөн долоо хоногт гэхэд хоёр ч хүүхэд улаан бурхан өвчний улмаас эндээд байхад ХӨСҮТ-ийн захиралд Хятад тариаг жагсаалтанд оруулах асуудал л амин чухал бололтой. Өөр чухал ажил зөндөө л баймаар юм.

Уг нь 2025 оны долдугаар сард “Улаан бурхан” өвчнөөр доктор хамгаалсан мэргэшсэн мэргэжилтэн гэж өөрийгөө танилцуулан, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар томилуулж байсан нөхөр шүү дээ.

Гэтэл үнэн хэрэгтээ уламжлалт анагаахын эмч, төсөл хөтөлбөрөөс мөнгө гувчуулахдаа мэргэшсэн, өнөөгийн эрүүл мэндийн салбарыг унагаж байгаа ердийн л нэг зальжин этгээд. Үүгээр зогсохгүй ажлын байрны дарамт үзүүлэгч, шар сэмжилсэн, ёс суртахууны хувьд эмнэлэг удирдах эрхгүй нөхөр гэдгийг нь салбар даяар ярьцгаадаг.

ХӨСҮТ, ЭМЯ болон холбогдох газруудыг базсан “Дарга анги”-ийн эдгээр ноходын ашиг сонирхол харсан бусармаг үйл ажиллагаанаас болоод вирусийн эсрэг эмчилгээ хийлгэхээр хүлээж байгаа олон мянган иргэн хэзээ хавдар нь хатуурал болохоо мэдэхгүй хүлээн сууж байгааг хэн ч өнөөдөр ярихгүй байна.

Яг өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д Д вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдах гэхэд эмчилгээний ямар ч эм тариа байхгүй, дахин хэзээ ямар тарилгыг эмчилгээнд худалдан авч хэрэглэх нь тодорхойгүй байдалд байгаа юм билээ.

ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангадаг төв байгууллага мөн л юм бол энэ эмнэлгийн толгой дээр заларсан бүлэглэлийг тараах ёстой. Өөрсдөө даргын арын өрөөг нэг шөнийн дотор буулгасан шигээ буулгах ёстой. Арга хэмжээ авч, шийдвэр гаргах түвшинд нь үнэн зөв мэдээллийг өгөх нь тангараг өргөсөн эмч бүрийн оролцох асуудал болоод байна шүү.

Б.Ганчимэг, baabar.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна