
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-Улаанбаатар хотын шинэ даргыг сонгох асуудал ид яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-МАН нутгийн өөрөө удирдах ёсыг устгасан. Сая Х.Нямбаатарыг огцруулдаг бол үүний илрэл боллоо. Нэг ёсондоо нийслэл социализмын үеийн байдал руугаа эргэж очоод, Засгийн газрын агентлаг төдий болчихлоо гэсэн үг. Одоо Ерөнхий сайд тэр агентлагийнхаа даргыг тавих тухай ярьж байна. Тэгэхээр тэр агентлагийн дарга болох хүн хотын иргэдэд үйлчлэхээсээ илүү Ерөнхий сайдад л үйлчилнэ. Учир нь тэр хүнийг Ерөнхий сайд томилж байгаа юм чинь. Ингэхээр одоо Улаанбаатар хотын бүх асуудлыг Н.Учрал хариуцна. Дулаан, эрчим хүч, түгжрэл, хогны асуудал бол шууд Н.Учралын хариуцлагын асуудал боллоо. Энэ асуудлаа хариуцуулах гэж л нийслэл гэдэг агентлагийнхаа даргыг шинээр тавих гэж байна.
-Сүүлийн бараг гурван ч хотын даргыг шууд томилсон. Энэ хэр зөв бэ. НИТХ дотроосоо даргаа сонгох, томилох ёстой биш үү?
-Ер нь бол томилох, чөлөөлөх нь шууд Ерөнхий сайдын асуудал болоод НИТХ ямар ч үүрэггүй болчихлоо. Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийг 2022 онд МАН өөрчилсөн. Гол өөрчилсөн хүмүүс нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өөрсдөө юм. Өөрчлөхдөө нийслэлийн Засаг даргын асуудлыг Ерөнхий сайд шийддэг байхаар шийдчихсэн. Урьд нь бол Засаг даргыг чөлөөлөх, асуудлыг НИТХ шийддэг байсан. Ерөнхий сайд огцруулъя гэдэг саналаа ИТХ-д оруулдаг байсан юм.
Түүнээс биш шууд огцруулдаг эрх байгаагүй. Тэгэхээр нэг ёсондоо Х.Нямбаатарын хувьд “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” буулаа гэсэн үг шүү дээ. Болохгүй шүү гэж хэлээд байхад өөрөө ийм хуулийг УИХ-аар гаргуулчихсан. Ардчиллын хамгийн чухал ололтуудын нэг нь нутгийн өөрөө удирдах ёс байсан юм.
Монгол Улсын хэмжээнд болж байгаа бүх зүйлийг Ерөнхий сайд удирдаж чадахгүй. Хоёрдугаарт, тэр нутагт амьдарч байгаа иргэдийн эрх ашиг нэгт тавигдана гэдэг зарчим руу л шилжсэн юм. Ингэж байж Засаг дарга чинь иргэдийнхээ төлөө ажилладаг. Бид чинь 2012-2016 онд иргэдийнхээ л төлөө ажилласан шүү дээ. Энэ зарчмыг одоо устгачихсан.
-Ер нь нийслэл гэх энэ том айлыг ямар хүн, ямар зарчмаар удирдах нь зөв байдаг вэ?
-Улаанбаатар хот гэж юу вэ гэдгийг намайг зүйрлэж хэлэхээр хүмүүс сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм. Энгийнээр хэлбэл, Улаанбаатар хот гэдэг СӨХ-нуудын СӨХ гээд ойлгож болно. Тэр оршин суугчдынхаа эрүүл, аюулгүй байдлын төлөө ажилладаг том СӨХ-ны дарга байх ёстой. Ингээд дулаан хангамж, түгжрэл, дахин төлөвлөлтийг хариуцах ёстой хүн юм.
-Хотын даргаар заавал нийслэлийн унаган иргэн байх ёстой гэдэг зүйлийг их ярих юм. Энэ хэр зөв гаргалгаа юм бэ?
-Ер нь бусад том хотуудад хотыг ямар ч байсан хөдөөний хүнээр удирдуулдаггүй. Энэ чинь бас нэг учиртай. Хот, хөдөө хоёр чинь иргэншлийн хувьд өөр шүү дээ. Хоёр өөр амьдрах орчин байдаг. Тийм учраас хотын иргэнээр удирдуулдаг. Уг нь манай нутаг дэвсгэрийн хууль дээр ч ийм утгатай заалт байгаа. Энэ чинь дэлхийн жижишг байхгүй юу.
-Одоогийн Ерөнхийлөгчийн хүргэн байсан хүний нэр хотын даргад яригдаад байгаа шүү дээ. Үүн дээр юу хэлэх вэ?
-Надад хэн нэгний хүргэн байсан энэ тэр нь ёстой сонин биш байна. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын уугуул байх ёстой. Хоёрдугаарт, хот байгуулалт гэдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Ажил хийж чаддаг байх ёстой юм. Монгол Улсад хамгийн их ажлын ачаалалтай хүн бол нийслэлийн Засаг дарга. Хамгийн том тулгамдсан асуудлуудыг хариуцдаг. Тиймээс үүнийг хийж чадах уу, үгүй юу гэдэг нь л асуудал. Гэвч одоо бол нэг агентлагийн даргаар л нэг нөхөр очих гэж байна. Тиймээс манай улаанбаатарчууд Н.Учралаас л нийслэлийн бүх хариуцлагыг нэхэх ёстой. Тэгнэ биз дээ, томилсон хүн нь хариуцах ёстой. Яагаад гэхээр одоо очиж байгаа хүн чинь манай нийслэлийн иргэдийн сонгосон хүн биш шүү дээ. Ерөнхий сайд, нам томилсон хүн. Тиймээс хар толгойгоороо Ерөнхий сайд хариуцна.
-Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг та хэр ажилласан гэж үзэж байгаа вэ?
-Бидний 2012-2016 онд хийсэн ажлыг МАН 2016 онд сонгуульд ялаад бүгдийг нь зогсоосон. Уг нь 2018 онд BRT, 2020 онд метро ашиглалтад орох ёстой байсан. Ийм төлөвлөгөөтэй явж байсан юм. Даанч бүгдийг нь МАН зогсоосон. Тэгсэн чинь Х.Нямбаатар гарч ирээд тэр бүгдийг үргэлжлүүлэн эрчимжүүлсэн. Харин Х.Нямбаатарт нэг дутагдал байсан нь хот байгуулалтын мэдлэггүй байсан явдал. Хот байгуулалт гэдэг чинь их нарийн зүйл. Жишээ нь, Сэлбэ дэд төв гээд бараг 20 мянган хүний том хороолол барих гэж байна. Энд ямар аюул байна вэ гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна