• Эхлэл
  • Төв банкууд алтны нөөцөө зарж эхэлжээ

Төв банкууд алтны нөөцөө зарж эхэлжээ

2026/04/16

Ойрхи дорнодын мөргөлдөөн, дэлхийн эдийн засгийн дарамтын улмаас олон улсын төв банкууд алт худалдан авахын оронд нөөцөө зарж эхэлжээ. "CNBC-ийн мэдээлснээр, улс орнуудын бэлэн мөнгөний хэрэгцээ нэмэгдсэн нь гол шалтгаан болж байна. Ялангуяа эрчим хүч болон батлан хамгаалах зардал огцом өссөн нь төв банкуудыг алтны нөөцөө ашиглахад хүргэжээ. Мөн улс орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахын тулд алт зарж байна.

Энэ үйл явц нь алтны зах зээлд нөлөөлж, үнэ буурахад хүргэж байна. Тухайлбал, алтны спот үнэ нэг унц нь ойролцоогоор 4,800 ам.доллар болж, нэгдүгээр сарын дээд түвшнээс 10 орчим хувиар буурсан байна.

Хөгжиж буй орнууд хамгийн их дарамтад орж байгаа бөгөөд импортын үнэ өсөж, валютын ханш суларч байна. Жишээлбэл, Турк улс гуравдугаар сард 131 тонн алт зарж, лирийн ханшаа тогтворжуулах арга хэмжээ авсан. Дайн эхэлснээс хойш лирийн ханш  ам.долларын эсрэг 1.7 хувиар буурсан байна. Гана болон Польш мөн алтны нөөцөө бууруулсан байна.

Өмнө нь төв банкууд жил бүр 1000 тонноос дээш алт худалдан авч, алтны үнийг өсгөхөд гол нөлөө үзүүлж байсан. Харин 2025 онд худалдан авалт 863 тонн болж буурчээ. Мөн хөрөнгө оруулагчид алтнаас татгалзах хандлага ажиглагдаж байна. Учир нь алт нь хүү өгдөггүй бөгөөд ам.долларын ханш болон АНУ-ын бондын өгөөж өсч байгаа нь илүү ашигтай сонголт болж байна. Гэсэн хэдий ч шинжээчид энэ өөрчлөлтийг түр хугацааны арга хэмжээ гэж үзэж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна