
Өнгөрсөн аравдугаар сард АИ-92 шатахууны хомсдол үүсч сарын сүүлээр хэвийн байдалдаа ороод байсан. Тэгвэл өчигдөр /2025.11.17/ оройноос эхлэн шатахуун олдохгүй, ШТС-д дугаарласан байдалтай байна гэх мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Уг асуудлаар АМГТГ болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хувьд шатахуунаа 100 хувь импортоор хангадаг. Үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас, үлсэн 5 хувийг Хятал болон бусад улсаас импортолж байна. ОХУ-аас худалдаж авах шатахууны захиалгыг сар бүрийн нийлүүлэгч талд хүргүүлдэг. Энэ сард ОХУ-ын Роснефть компаниас 58 мянган тонн АИ-92 бензин, 1.6 мянган тонн Аи-95 автобензин, 75.8 мянган тонн дизель түлш, Газпромнефть компаниас 5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш, Нефтьхимисервис компаниас 20 мянган тонн дизель түлш, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас 6.5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш худалдан авахаар захиалгаа хүргүүлээд байна.
Энэ сард 69,300 тонн АИ-92 бензин, 115800 тонн дизель түлш, АИ-95 1600 тонн нийт 186700 тонн шатахуун худалдан авахаар төлөвлөсөн гэдгийг албаныхан мэдээлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
-Шатахууны хангамж сайжирч байгаа. Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. Шатахууныг цаг алдалгүй түгээж, өмнө нь үүссэн хомсдолыг арилгах зорилгоор Тээврийн Цагдаагийн албатай хамтарч аюултай ачааг өдрийн цагаар тээвэрлэж байгаа. Эрээнцаваар орж ирэх бүтээгдэхүүний тоо нэмэгдэж байгаа учир зүүн бүсийн шатахууны хомсдол багасна гэж харж байгаа гэдгийг албаныхан мэдээлэв.
Хятад улсаас энэ сард 11500 тонн бүтээгдэхүүн авахаар төлөвөлөсөн байгаа. Эхний бүтээгдэхүүн орж ирсэн. Үнийн хувьд 160 ам.долларын зөрүүтэй. Үнийн зөрүүнд 7,5 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдэж өгсөн учраас шатахууны үнэ нэмэгдэхгүй. Цаашид үнийн зөрүүг арилгахын тулд зах зээлийн зарчим руу шилжих ёстой. Мөн бүтээгдэхүүний чанарт анхаарах шаардлагатай байна. Ингэж байж аюулгүй, найдвартай байдал бий болно.
Зарим ШТС-ууд хязгаартай олгож эсвэл зөвхөн карттай иргэдэд шатахуун олгоно гэх асуудал дээр, "Үнийг төрөөс тогтоож, хатуу барьж байгаа нь эргээд сөрөг үр дагаварыг бий болгож байна. Нэг талдаа энэ бол худалдааны маркетинг яваад байна. Бидний зүгээс тэг ингэ гэх асуудал байхгүй. Харин түгээлтээ нэмэгдүүлж, хангалтаа сайжруул гэж байгаа юм" гэх хариултыг өгөв.


Сэтгэгдэл байхгүй байна