Засгийн газрын өнөөдрийн /2025.11.12/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:
-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 120 төслийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн анхдагч хуулийг онцлон авч үзэж болно. Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй 228 хууль, шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна. Үүнийг бид хиймэл оюун ухаан ашиглаж тодорхойлж чаддаг болсон. Цаашид эдгээр хуулиудыг өөрчлөнө. Эдийн засгийн эсрэг хууль, хувийн өмч, бизнесийн орчинд хаалтай хуулиудыг хориглоно. Мөн хуулиас давсан дүрэм журам гаргахыг дээрх хуулиар хориглож байгаа юм.
Үүнийг дагаад Хөрөнгө оруулалтын тухай хууль яригдана. Үүнийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. НҮБ-ийн арбитат нийцсэн хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хуультай нийцүүлнэ. Мөн хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрлөлт оруулна.
Монгол Улсад хэн хөрөнгө оруулах юм бэ гэж бодоход хүргэдэг хуулиудыг нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна.
Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй. Гэтэл Монголбанк 13 журмаар үүнийг хориглосон байдаг. Үүнийг хална.
Мөн бүртгэл, зөвшөөрөл нэртэй зохицуулалтуудыг хална. Энэ нь бизнесийн орчинд маш халтай байгаа. Тэгэхээр үүнийг Зөвшөөрөл, мэдэгдэлийн тухай хуулиар зохицуулж, 98 орчим хувийг нь цахимаар авах боломжыг бүрдүүлнэ. Заавал иргэнээс цаасан баримт шаардахгүй.
Нийт 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчинд шилжүүлж байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас З.Нарантуяаг чөлөөлсөн. Төрийн өмчит компаниудын удирдлагыг цаашид нээлттэй, үе шаттайгаар сонгон шалгаруулна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Г.Занданшатарын Засгийн газрын гол баримталж байгаа зарчим бол иргэдэд нээлттэй байх. Энэ утгаараа төрийг нууцад авсан олон гэрээг ил болгосон. Ил тод нээлттэй байгаа газар хулгай нүүрлэхгүй. Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Олон нийтэд шилэн болохгүй бол авлигатай тэмцэж чадахгүй. Хууль бус үйлдлүүдээ төрийн нууцаар халхавчилдаг байдал газар авсан.
Түүнчлэн албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно. Цаашид албаны нууц нэрийн дор булхайгаа нуудаг байдлыг таслан зогсооно. Гахцхүү үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаас бусад бүх асуудлыг нууцад авахыг хуулиар хориглоно. Тиймээс хуульд төрийн нууцын жагсаалтуудыг тусгаж өгсөн.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажил хаялттай холбоотой асуудлыг танилцууллаа. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмнэ. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж 3 сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр танилцууллаа.
Өнөөдөр гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ саналаа одоо үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна.
Та бүхэн мэдэж байгаа 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгохоор зарласан байгаа. Эх үүсвэрийг зардлаа танах, ЭДС-ийн орлогыг нэмэгдүүлэх байдлаар тооцсон байгаа. Дээр дурдсан 30 хувийн нэмэгдэл үндсэн цалин, үлдсэн 45 хувь цалин юм.


Сэтгэгдэл байхгүй байна