Нийтлэлч О Мөнгөндалайгийн нийтлэлийг хүргэж байна
Хөх хот дэлхийн адууны соёлын төв болж, хөөрхий монголчууд мотоцикл унаад үлдэх үү
-Адуун соёлоо авч үлдэх гэсэн Агтана хүрээт наадам-
Урд хөршийн Хөх хот 2018 онд Дэлхийн адууны соёлын төв гэж зарлагдаад, тэнд морьтон монгол залуус үзүүлбэр үзүүлж, жуулчдыг ёстой л нэг завсаргүй шавуулж байна. Уг нь тэр жил манай улс Сүхбаатар аймгийг Монголын адууны соёлын төв болгож зарласан юм билээ. Намар нь харин Хөх хотыг Дэлхийн адууны соёлын төв гээд зарлачихлаа. Морьтон монгол залуус тэнд үзүүлбэр үзүүлж, урд хөршийнхөн тэдний үзүүлбэрээр мөнгө олж байна. Мэдээж монгол залуусыг буруутгах аргагүй. Тэд ч бас ахиу хэдэн төгрөг олж аж, амьдралаа болгох гэж л яваа хүмүүс. Улс нь тэднийг тоохгүй байхаар тоож байгаа газарт л ажиллана шүү дээ. Тэдэнтэй гэрээ хийсэн өмнөд хөршийнхөн жуулчдыг татаж, монгол залуусын үзүүлбэрээр адууны соёлтойгоо гайхуулж байна гэнэ шүү. Энэ жил Баяннуурт адуун соёлын наадам хийчихэж. Японд ажиллаж байсан морьтой тоглолт үзүүлдэг циркчид Улаанбаатарт ирж дэмжлэг авах гээд чадсангүй, Тэрэлжид очоод хувиараа хийх гээд бараагүй. Харин Шилийн голд очоод гадаад, дотоод жуулчдыг алмайруулж, монгол төгрөгөөр тэдний тоглолтыг 200 мянгаар нэг хүн үздэг юм байна. Хөх хот байгуулагдсаны ойд нэг удаа морьтон залуус үзүүлбэрээ үзүүлээд л тэндхийн хэд гэрээлэх санал тавьжээ. Солонгосын Чежу арал дээр гадныхан очиход мөн л монгол залуусын ид хаваа гайхуулж, эрэмгий чадалтайгаа харуулсан тоглолт үзүүлэх юм. Бүр Чингис хааны бага нас, идэр насыг харуулсан богино хэмжээний сонирхолтой үзүүлбэр гээч.
Монголчуудыг эртнээс адууны соёлтой л гэлцдэг. Адуунд хайртай монгол, адуутай монгол нь хаачсан бэ. Морин дэл дээр өссөн монголчууд одоо мотоциклтой л тал хээрээр нэг давхилдах болсон байна лээ. Тэр мотоцикл нь ч урт настай эд биш бололтой. Байсхийгээд л шинийг авна. Эд нь хэврэг байх ч яахав. Эзэн нь энэ унаанаас болж гэмтэж бэртэх, амь насаа алдах нь ч элбэг. Өдөр шөнөгүй өнөөх дээрээ сэгсчүүүлээд байхаар нуруу ууцны өвчин ч элбэгшиж. Ингээд морьтон монгол мотоцикл дээр буух нь тэр дээ. Монголчуудын өв соёл гэх бүхий л зүйл өөр газар данслагдаж байхад Соёлын яам ямар гээч бодлого явуулдаг юм бол. Өмнөх сайд нь Чойжин ламын сүм музейг юу болгоод байсан бэ. Шоу үзүүлбэр, хурим найр хийдэг газар болгож шоглож суусан.
Орон нутагт идэр насны ганц бие залуусаас их юмгүй. Охид нь хот орон бараадаж, сургууль соёлын мөр хөөсөн юм байх. “ETV” телевиз “Хотын бүсгүй хөдөө нутагт” нэвтрүүлэг хийж, хөдөөх залуусын энэ гунигт амьдралыг өөрчлөх гэж оролдсоныг эс тооцвол улс лав тоохгүй юм шиг байна. Хөдөө хээр идэр насаа өнгөрөөж буй ганц бие залуус мал дагана, өнөөх мотоциклоо унана. Хөдөө амьдарч байгаа олон залуус сэтгэл гутралтай, амиа хорлолт ихэссэн гэнэ. Хүн гэдэг нийгмийн амьтан болохоор эхнэргүй, үзэх харах юмгүй, эзгүй шахуу газарт сэтгэлээ хуваах хэн нэгэнгүй залуу насаа өнгөрөөх амаргүй. Бид тэдэнд гээгдсэн хүмүүс мэт л ханддаг. Хэн ч анхаарч судлахгүй, сэтгэл зүй нь ямар байгааг ч тоохгүй. Орчин цагийн гээгдэгсэд бол тэд. Хөдөө тэр сайхан байгальд юундаа стрессдэхэв, гэх мэтээр хайхрамжгүй хэлэх нэгэн таарах л байх. Өөрийг нь тэдний оронд суулгачихвал ямар байх бол. Зарим нь хөдөөгийн талаар муу муухай юм бичлээ гэж шүүмжлэх ч биз. Монголын хөдөө сайхаан сайхан. Гэхдээ зуны дэлгэр цагт хэдхэн хоног сайхан агаар, гоё байгальд нь гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаалж наргиад явж өнгөрөх, хүнгүй шахуу газар дөрвөн улирлын турш байгалийн шалгарлыг хэдэн малтайгаа адил даван амьдрах хоёр хол ялгаатай.
Их Д.Нацагдоржийн “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа, элстэй шанд буттай цайдмыг дагаад хааяа нэг хар гэрээс утаа суунаглана” хэмээх дүрслэл хэвээр санагдана. “Хуучин хүү” ч олноороо байж л байгаа юм биш үү. Сайндаа л нэг хуучин гар утас, мориныхоо оронд мотоциклтой боллоо. Гар утсаа хэрэглэе ч сүлжээ муу.

Адууны хэрэглээ багасч, голдуу л махлаад идэш уушинд явуулна. Хэрэглээ байхгүй болохоор сүргийн бүтцэд нөлөөлж, тэр хэрээрээ үржих нь ч багассан юм байх. Сүхбаатар аймгийн уугуул Б.Мөнхбат гэж залуу энэ бүхэнд санаашран “Агтана хүрээт Монгол туургатны адуун соёлын их наадам”-ыг найм дахь жилдээ зохион байгууж байгаа юм. Өнөөх алдагдаад байгаа соёлын өвийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуусын бие бялдрын хөгжлийг дэмжих, үндэсний спортыг хөгжүүлэх, өв соёлын нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьжээ. Адууны соёлын наадам гэхээр нялх хүүхэд дүн өвлөөр морь унуулах тухай ойлгох хэрэггүй. Энэ наадмаар нэг цул болгосон олон арга хэмжээ тасралтгүй зохион байгуулдаг. Жил ирэх тусам оролцох хүмүүсийн тоо нэмэгдэж, энэ жил 5000 орчим хүн оролцох төлөвтэй байна. Монголын өнцөг булан бүрээс залуус ийш зорин ирдэг. Ёстой л нөгөө стрессээ тайлж, шавайгаа ханатал морь унаж, ид хаваа гайхуулцгаадаг юм байх. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болдог энэ наадам хөдөөгийн залуусын хүсэн хүлээдэг том баяр. Гэвч энэ олон хүнийг очиход хүлээж авах жуулчны баазаас эхлээд бие засах газар, хоол ундны асуудал гээд хүндрэл их. Санаачлагч Б.Мөнхбат энэ наадмаа зохион байгуулах гэж ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гээч болно. Өөрийнхөө халааснаас хэд арвыг гаргалаа гээд жил бүр гаргаж байдаг дуусашгүй сангийн авдар гэж хаана байхав. Амьтан ах дүүгээс гуйна. Бас болоогүй хэдэн найз нь сайн дураараа дэмжиж оролцоно. Аз таарч ганц хоёр сая төгрөг найз нөхөд, танил хүрээнийхэн нэмэрлэнэ. Адууны соёлыг түгээх олон төрлийн тэмцээн уралдаан болдог учраас бай шагнал хэрэг болно. Урлаг соёлын хүн аваачиж, дуу хуур болно. Энэ бүгд амаргүй. Өнөөх муу Б.Мөнхбат маань Шилийн богдын орой руу өсгөгч барьчихсан л алхана шүү дээ. Шантармаар үе байсан ч долоон жил гүрийсээр өнөөг хүрчээ. Энэ жил 11 дүгээр сарын 14, 15-нд найм дахь удаагаа зохион байгуулахаар болж. Бодлогоор дэмжих газар бол үгүй. Өмнөд Монголд энэ арга хэмжээг адилхан зохион байгуулаад эхэлж. Уг нь манайд болдог энэ наадамд оролцох гэж жилдээ нэг ирдэг байсан юм билээ. Ёстой л морьтон эрс ид хаваа гайхуулж, адуутай олон төрлийн тэмцээн уралдаан болдог юм байна. Ганган хос морьтны тэмцээн хүртэл болдог ажээ. Дуу хуур, бүжиг наадам ч багтана. Энэ бүхний төлөө Б.Мөнхбат Соёлын яамны үүдийг хэдэнтээ манаж, сүүлдээ гар хоосон буцсаар иржээ. Хаа байсан хөдөө орон нутгаас байнга ирээд хөөцөлдөөд яваад байх амаргүй. Аймаг, орон нутгаас дэмжээд өгвөл буцаад өвлийн аялал жуулчлал нь өгөөжөө өгөх л юм. Огт оролцохгүй биш, ямар ч байсан боломж өгдөг бололтой. Тэр олон хүний хоол унднаас эхлүүлээд бизнес цэцэглүүлж болмоор. Юм тэгээд нэг хүний санаанаас эхлээд л хөгждөг шүү дээ. Санаачлаад бүтээгээд ирсэн юмыг дэмжээд өгөхөд яахав дээ. Нөгөө аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж гадны одуудад их мөнгө зориулахаас гадна энэ мэт үндэсний онцлогтой, үзүүлж харуулах юмтай, олныг хамарсан арга хэмжээг алс хэтээ бодсон ч дэмжмээр байгаа юм. Үнэн хэрэгтээ эрлийз, монгол морьдын хэрүүл үргэлжилж, Оросоос дунджаар нэг азаргыг 100 сая төгрөгөөр бодож худалдан аваад нэг хэсэг ч хойд хөрш рүү азарга авах нэрийдлээр мөнгийг ёстой л нэг урсгаж, эрлийз адууны хэрүүл эхэлсэн юм. Төв нутгаар суурьшмал алдар цуутай уяачаас л энэ асуудал эхэлсэн юм билээ.
Харин зарим нь Монгол адууны угшлын цахим сан үүсгэж хичээх юм. Одоогоор 43 мянга адуу бүртгэлд орчихсон. Адууны угшил мэддэг хүн гэж байхгүй болсон цагт Агтана хүрээт адууны соёлын наадмаар ч энэ ажил давхар явагдаж байдаг. Өвлийн дулаан дээл хувцас болох, сэгсүүргэн дээл, ямаан дах, чонон дах ч энэ арга хэмжээг даган дахин сэргэж байна. Угтаа бараг л хэрэглээнээс гарч, үзэгдэхээ байсан билээ. Адуу малаас хол, хот хүрээ газар өсөж өндийсөн бид тоомжиргүй өнгөрч болох байсан ч өв соёл талаасаа харахаар сэтгэл гонсойх юм байна шүү дээ.


Сэтгэгдэл байхгүй байна