
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.11.11/ Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 99 компани, орон нутгийн оролцоотой 472 хуулийн этгээд байдаг гэсэн мэдээлэл байна. Эдгээр компаниуд ашиггүй ажиллаж байгаа. Энэ асуудлыг цэгцлэхээр Засгийн газар хуулийн төсөл өргөн барьсан.
Төрийн өмчит компанийн засаглал нь тодорхойгүй, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй, ногдол ашиг хуваарилах зарчим нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигч төр, ард иргэд эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй, улс төрийн томилгоо хийгддэг, ашиггүй ажилладаг, алдагдалд ордог, бизнес төлөвлөгөө нь биелэдэггүй, хөндлөнгийн хяналт хийгддэггүй, ил тод биш гэхчлэн маш олон асуудал байна.
2023 оны байдлаар төрийн өмчит компаниуд 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олсон, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зарцуулалттай байсан. 2024 онд ямар тоо байгааг сонсмоор байна. Улсын төсөв 30 гаруй их наяд гэж ярьж байгаа бол төрйн өмчит компаниуд 17 орчим их наяд буюу улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгөний зарцуулалтыг тодорхой болгомоор байна.
Цаашид төрийн өмчит компани ашиггүй ажиллаад байгааг сайжруулаад улсын төсөвтөө хэдий хэмжэний хөрөнгийг эндээс татаж оруулж ирэх боломжтой вэ. Ялангуяа ирэх жил улсын төсөвтөө нэмэр болох боломж байгаа эсэхийг тодруулмаар байна. Засаглалыг нь сайжруулах хууль хэзээ орж ирэх вэ?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Монгол Улсад төрийн өмчит 104 компанид 60 мянга орчим хүн ажиллаж байна. Орон нутгийн өмчит 350 орчим компанид 20 мянга орчим хүн ажиллаж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит компаниуд 26 их наядын орлого олж, 5.8 их наядын цэвэр ашигтай ажилласан.
Төрийн өмчит компанийн 2024 оны үйл ажиллагааг нь 2023 оны жилийн эцэстэй харьцуулахад орлогын хэжээ 10.1 хувиар нэмэгдсэн, ашгийн хэмжээ 15 орчим буюу 756 тэрбумаар нэмэгдсэн.
Төрийн өмчит компаниуд бүгдээрээ ашиггүй ажиллаж байгаа биш орлого, ашиг нэмэгдэж тэр хэрээр төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр хураамж нэмэгдэж байгаа. Нүүрс олборлож байгаа хувийн хэвшил, төрийн өмчит компанийн нүүрсний хэмжээ адил хэрнээ татварт төвлөрүүлж байгаа хэмжээ харилцан адилгүй. Төрийн өмчит компани хувийн хэвшлийн компаниас 3 дахин их татвар хураамж төлдөг. “Эрдэнэт” үйлдвэрийг “Оюутолгой” компанитай харьцуулахад олж байгаа орлого нь адил хэрнээ төлж байгаа татвар нь гурав дахин их.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхийг хангах хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компанийг төр аваад явж байгаа. Цаашид төр хувийн хэвшлийн түншлэлээр аваад явах бодлого хэрэгжүүлэх. Хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй үйлчилгээг хувьчлах, хувийн хэвшилд шилжүүлэх бодлого барина. Страегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийг нээлттэй,, ил тод, хариуцлагатай болгох ёстой.
Засгийн газраас УИХ-д Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль, Нийтийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. УИХ баталж өгөх юм бол төрийн өмчит компанийн асуудал нэгмөр цэгцэрнэ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Эрүүл мэндийн даатгалын санд хулгай нүүрлэлээ, аймшигтай боллоо гэж хэллээ. Шалтгаан нь улс төрийн шалтгаантай. 2016 онд зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. Харамсалтай нь зөв байсан тогтолцоог буруу болгоод Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд өгснөөс энэ бүхэн үүссэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зэрэг маш олон санг та бүхэн тоносон. Одоо Эрүүл мэндийн даатгалын санг дуусгах гэж байна. Өчигдөр би Эрүүл мэндийн даатгалын газрыг Эрүүл мэндийн яамны харьяанаар гаргах төсөл санаачилсан. Эрүүл мэндийн яам өөрөө чанартай тусламж, үйлчилгээг худалдддаг газар болохоос биш худалдагчдаа бүх мөнгөө аваачаад өгдөг тийм тэнэг хүн гэж хаана байдаг юм. Тийм учраас энийг яаралтай Эрүүл мэндийн яамнаас салгаж Эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгийг хамгаалалтад авах шаардлагатай. Энэ газар бие дааж хаана чанартай тусламж үйлчилгээ байна түүнийг худалдан авдаг болох ёстой.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд сайд байгаа, энэ тогтолцоог өөрчлөх ёстой.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Эрүүл мэндийн байгууллагыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон юм билээ, 2020 оноос. Хэн чанартай тусламж үйлчилгээ хүргэнэ, эмнэлэг, эмч өндөр санхүүжилт орлоготой байх гэдэг бодлого нь зөв. Бодлогоо хийгээд хэрэгжүүлэхдээ маш том алдаа гаргаад хяналтаа тавьж чадаагүй. Сайн ажиллаж байгаа удирдлага, эмчийн буруу биш. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гээд энэ салбарыг удирдаж зохион байгуулж байгаа удирдах ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Эрүүл мэндийн даатгалын сан маань ийм байдалд орсон. Нэг халааснаас аваад нөгөө халаасанд хийдэг.
Эрүүл мэндийн даатгалын газар эмнэлгүүдтэй гэрээ хийхдээ ямар бүтээгдэхүүн нийлүүлэх вэ гэдэг дээр тоо хэмжээ тогтоодоггүй ерөнхий гэрээ хийдэг. Хамгийн чанартай үйлчилгээ үзүүллээ гээд санхүүжилт нэхдэг, нэхэмжилсэн үнийн дүнгээс нь илүү санхүүжүүлээд явдаг.
Хяналт тавих ёстой Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ажилладагггүй. Тийм учраас цаашдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэндийн яамнаас хамааралгүй хараат бусаар ажиллах орчин бүрдүүлж, хуурамч оролдлого гарвал таслан зогсоогоод чанартай үйлчилгээнд санхүүжилт олгодог болох ёстой.
Өөрөөр хэлбэл, бодлого нь зөв байсан, бодлогоо төлөвлөж хэрэгжүүлэхдээ хариуцлага алдсан. Эргээд даатгалын сангаас хулгай хийх нөхцөл бүрдүүлсэн.
Тийм болохоор Эрүүл мэндийн даатгалын сан урьд нь үлдэгдэлтэй байсан бол одоо үр ашиггүй 200, 300 тэрбумаар төсвөөс санхүүжүүлдэг, зардал газар авсан. эргээд эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болгосон гэлээ. Үүний дараа санал хураалт явуулж, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.


Сэтгэгдэл байхгүй байна