• Эхлэл
  • Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь

Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь

2025/07/03

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 22 их наяд 837,920.9 сая төгрөг, төсвийн зарлагын хэмжээг 24 их наяд 209,847.5 сая төгрөгт хүрсэн. Тухайн үедээ л “Түүхэнд байгаагүй том төсөв боллоо, эдийн засгаа хэт өөдрөгөөр төсөөллөө” хэмээн шүүмжлэгдэж, эдийн засагчид, судлаачдын зүгээс ихээхэн хэмжээгээр “эрүүний шөл уухад” хүрч байв. 

Гэвч энэ шүүмжлэл ч гэсэн шүүмжлэхийн тулд байгаагүй гэдгийг бид өнөөдөр “арьс, махаараа” мэдэрч байна. Он гарсаар дэлхий нийтэд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнийн уналтаас болж оны эхний таван сарын дотор төсвийн орлого 2,5 их наядаар тасарсан. Тухайн үеийн Сангийн сайд нь ч хэлж байсан. Үр дүнд нь шинээр байгуулагдсан Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь 2025 оны төсөвт тодотгол хийх явдал болов. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “төсөвт тодотгол хийхгүй бол оны эцэс гэхэд төсвийн алдагдал 3.2 их наяд төгрөгт хүрч мэдэхээр байна” гэдгийг хэлсэн. Импортын хэмжээ нэмэгдэж, экспорт буурснаар төгрөгийн ханш суларч, инфляци үргэлжлэн өснө өө гэсэн үг. Инфляц нэг хувиар нэмэгдвэл 24 мянга орчим хүн ядууралд өртөх эрсдэлтэй гэж манайд судалгаа хийсэн олон улсын байгууллага тооцоолсон. Иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах нь энэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсныг Ерөнхий сайд онцолсон. 

Тиймээс орлогоо нэмэгдүүлж чадахгүй бол зардлаа тана гэдэг энгийн теорем энэ Засгийн газарт үйлчилж байна. Үр ашиггүй, тэвчиж болох зардлаа танах, импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах дээр энэ оны төсвийн тодотгол хийгдэж байна. Энэ нь ганц манай улсад тохиолдож байгаа ч юм биш. Угаасаа манайх шиг түүхий эдийн хамааралтай /үйлдвэрлэгч биш/ улс орнууд өөр өөрсдийн онцлогт тохирсон яаралтай өөрчлөлтүүдийг хийж эхлээд байгаа. Тиймээс өнөөдөр хийгдэж байгаа төсвийн тодотгол нь Засгийн газар огцорсон болон улс төрийн бусад нөхцөл байдалтай огт холбоогүй юм. 

Шударгаар хэлбэл, өмнөх Засгийн газар эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх, иргэдийн итгэдээс оноо авах гэж хэт яарсан, бардсан нь алдаа болж, тэр алдааг шинээр байгуулагдсан Засгийн газар залруулж байна. Монгол Улс ер нь л сонгуулийн мөчлөгөөр дөрвөн жилд нэг удаа газарддаг. Тэр газардалт нь энэ удаа арай л оройтож ирэх шиг боллоо. Сая төсвийн тодотгол хэлэлцэж эхэлсний дараа ч олон гишүүд хэлж байна лээ, “төсөв батлах үед хэлээд байхад үг аваагүй шүү” гэж. Гэхдээ одоо “өнгөрсөн борооны араас цув нөмөрч” суудаг цаг биш. 

Энэ удаагийн тодотголд хамгийн түрүүнд “чирэгдсэн” хүмүүс төсвийнхөн буюу төрийн албаныхан боллоо. Гэхдээ энэ бол төсвийн тодотгол яригдахаас бүр өмнө, өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан сэдэв. Хамтарсан Засгийн газрын нэг оролцогч болох АН төсвийн зардлыг бууруулахын тулд төрийн албан хаагчдыг орон тоог 9 хувиар цомхотгох шаардлагыг Засгийн газартаа тавиад явж байсан. Хамтарсан Засгийн газар тарсны дараа ч АН-ын даргын зүгээс шинээр байгуулагдсан Засгийн газар, Ерөнхий сайдад өгсөн үүрэг даалгавар, үүрүүлсэн ачаа энэ байлаа. 

Монгол Улсад ажил эрхэлж байгаа гурван хүний нэг нь төсвөөс цалинжиж, түүний цалин орлогыг татвар төлж байгаа хоёр хүн хувааж төлдөг гэдэг бол манайх шиг хүн ам цөөтэй, жижиг эдийн засагтай оронд хэтийдсэн тоо юм. Энэ тухай олон жил, олон сонгууль дамжуулан ярьж байгаа ч энэ Засгийн газрын үед ажил хэрэг болох учиртай байж. Муу юманд ч сайн тал бий гэдэгчлэн эдийн засгийн хямрал ч гэсэн бидэнд ашиг тусаа өгч байна аа л гэж ойлго. Төрийн албаны орон тоог 9 хувиар буурууллаа гэдэгт тэдний цалинг татвараараа төлж байгаа хоёр нөхөр лав баяртай л байгаа.

Гэхдээ цомхотголыг төрийн албаны доод, дунд шатнаас биш, удирдах албан тушаалтнууд, дарга нараас эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Ямар ч байсан багш, эмч, цагдаа гэх мэт өдөр тутам иргэдтэй тулдаг, иргэнд үйлчилдэг орон тоог танахгүй гэсэн үг. 

Тодотголд,

-Төрийн өндөр дээд айлчлал, гаднын өндөр түвшнийн зочин төлөөлөгчийг хүлээж авахаас бусад гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах арга хэмжээг тэвчих замаар 4,5 тэрбум,

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт, төсвийн ерөнхийлөн захирагч нарын чиг үүргийг шилжүүлэх, татан буулгах замаар 8,4 тэрбум,

-Төрийн алба хаагчдын орон тоог 9 хувиар цөөлснөөр 261 тэрбум, 

-Төрийн байгууллагуудын бичиг цаасны зардал,тавилга, тоног төхөөржмийн зардлаас 104,4 тэрбум,

-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгодог татаасаас 76,8 тэрбум,

-Оны эхний зургаан сард хэрэгжиж эхлээгүй, үр ашиг нь тодорхойгүй төсөл, хөтөлбөрүүдийг хойшлуулснаар 617,3 тэрбум,

-Төрийн үйлчилгээний үнийг нэмэхийг 2025 он дуустал хориглосноор121,9 тэрбум,

-Төсөвт байгууллагад олгодог тээвэр, шатахуун, хичээл, сургалтын зардлыг бууруулснаар 28,9 тэрбум.. гэх мэтчилэн хэмнэлтүүдийг оруулж ирсэн.

Анх тодотгол оруулж ирэхэд 2.5 их наядын хэмнэлт яригдаж байсан. Эхний хэлэлцүүлгийн дараа буугаад 1,9 их наяд руу ороод явж байна. Өчигдөр УИХ-ын холбогдох байнгын хороод нь салбар салбарынхаа төсвийг /тодотголыг/ яриад, хэлэлцээд, дэмжээд явсан, өнөөдөр үдээс хойш чуулганаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. 

Бас нэг сайн тал нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлсний дараа сөрөг хүчин болон олон нийтийн зүгээс “Энэ хэний Засгийн газар юм бэ, эзэн нь хэн бэ?” гэх мэт үл итгэсэн байдал, өөр өөрсдийн өнцгөөс харсан шүүмжлэл ч гэсэн сарниж эхэлж. “Борооны өмнө шороо” гэдэг шиг. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын оруулж ирсэн асуудал, төсвийн тодотгол нь өөрөө нэн яаралтай, цаг мөчтэй уралдсан ажил учраас эрх баригч нам ч, сөрөг хүчний намууд ч гол асуудал дээрээ төвлөрчихлөө. Хоёрдугаарт асуудлаа хэлэлцүүлэхдээ Ерөнхий сайдын биеэ авч явж байгаа байдал, мэргэжил, мэдлэг, суурь судалгаа, хэлж байгаа үг, хийж байгаа тайлбар ч гэсэн өмнөх Ерөнхий сайдтай харьцуулахад илүү “итгэл төрүүлэхүйц” байсныг нуух шаардлагагүй. Хувь хүний зан байдлаас гадна эзэмшсэн мэргэжил, олсон хүмүүжил, явсан зам, туулсан туршлага гэдэг юм бас хүнийг тодорхойлно л доо. Ерөнхийдөө Г.Занданшатарын Засгийн газар Г.Занданшатар гэдэг хүний нуруун дээр явах юм байна гэдгийг л олж харлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд хүн өөрөөр байх ч аргагүй.

inews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна