Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж байна.
Эдгээрийн нэг Шинэ тойрог авто зам төслийг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар ТЭЗҮ-ийг “Си Эс Си И Си Айком консалтантс” компани боловсруулж, Улаанбаатар хотын “Нэгдүгээр тойрог авто зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс өчигдөр дэмжиж, баталжээ.
Нэгдүгээр тойрог авто зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх зургаан эгнээ, 22-26 км үргэлжлэх аж.
Уг төслөөр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг 30 орчим хувиар бууруулна гэдгийг мэргэжилтнүүд тооцоолжээ.
Мөн Шинэ тойрог зам төсөлд суурь зураг боловсруулах, инженер геологийн судалгаа, авто замын одоогийн байдлын урсгал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нэгдсэн үнэлгээ, инженерийн шугам сүлжээг судлах зэргээр нийслэлийн урд урдын төслүүдээс илүү нарийвчилсан бөгөөд олон талт судалгааг хийснээрээ онцлогтой аж.
Сэтгэгдэл байхгүй байна