• Эхлэл
  • Баяр наадмын тасалбарыг цахим сайтаар худалдаалж эхэллээ

Баяр наадмын тасалбарыг цахим сайтаар худалдаалж эхэллээ

2025/07/02

Баяр наадмын тасалбарыг өнөөдөр /2025.07.02/ өглөө 07.00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар борлуулж эхэллээ. Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний долдугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй борлуулах юм байна.

Наадмын нээлтийн ёслол болон бөхийн барилдааны тасалбарыг нэг иргэн хоёр тасалбар авахаар зохицуулалт хийсэн байна. Харин орой Цэнгэлдэх хүрээлэнд болох баярын концертын тасалбарыг ticket.mn-ээр борлуулах ба иргэд хүссэн тоогоороо авах боломжтой.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Д.Амгалан мэдээлэл өгөхдөө "Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Баяр наадмыг зохион байгуулах коммисыг Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулж, дэд даргаар Соёл спорт залуучууд аялал жуулчлалын сайд Ч.Ундрам, нийслэл Улаанбаатар хотын дарга, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын нарийн бичиг, Төрийн нарийн бичгийн даргууд хамтран ажиллана. Мөн салбар яам хариуцсан сайдуудтай хамран зохион байгуулахаар болсон.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дэргэд есөн салбар хороо хамтран ажиллаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Баяр наадмын тасалбарын үнийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд багцын үнэ 100-150 мянган төгрөгийн хооронд байна.

Улсын баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn  цахим сайтаас иргэд олон нийтэд худалдаална. Нээлтийн үйл ажиллагааны хувьд өмнөх жилүүдийн адил орой давтан тоглоно. Иргэд олон нийтийг улсын баяр нээлтийг нөхөж үзэх боломжоор хангана. Энэ жил үндэсний баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч, хүндэтгэлийн концертыг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар нар найруулна" гэсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна