• Эхлэл
  • Гавьяат тамирчин Г.Болдбаатарын нэрэмжит “Топ-6” тэмцээн Эрдэнэт хотод болно

Гавьяат тамирчин Г.Болдбаатарын нэрэмжит “Топ-6” тэмцээн Эрдэнэт хотод болно

2025/06/25

 

 

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулдаг “Топ-6” тэмцээний дөрөв дэх цуврал Эрдэнэт хотод болох гэж байна.

Орон нутагт анх удаа зохион байгуулах энэхүү тэмцээнийг ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатарын нэрэмжит болгож буйгаараа онцлогтой. Орон нутагт жүдо бөхийг хөгжүүлэх, Эрдэнэтийн хүүхэд багачуудын жүдогоор хичээллэх хүсэл зорилгыг нэмэгдүүлэх, тэдэнд урам зориг өгөх зорилготой энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон ангилалд шилдэг зургаан бөх барилдана.

Дөрөв дэх удаагийн “Топ-6” тэмцээнд зодоглох тамирчдын нэрийг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлажээ. Тэдний дунд гавьяат тамирчин Ё.Басхүү, олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, О.Уранбаяр, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа, олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн, хэдхэн хоногийн өмнө Унгарын Будапешт хотод өндөрлөсөн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Б.Ганхайч, олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг тэргүүтэй шилдгүүд барилдахаар бүртгүүлсэн бөгөөд 14 жинд 84 бөх зодоглох юм.

Гавьяат тамирчин Г.Болдбаатарын хувьд 2014 оны ДАШТ-д түрүүлж, 2013, 2015 онд тавдугаар байрт шалгарсан бол найман жилийн Будапештийн дэвжээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Түүнчлэн 2009 оны ААШТ-ий алт, 2014 оны Азийн наадмаас мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ “Их дуулга”, “Мастерс”, “Гранпри” ангиллын тэмцээний 20 медальтай тамирчин билээ. Мөн дэлхийн цом, нээлттэй тэмцээнээс найман медаль энгэртээ зүүжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна