• Эхлэл
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ????

Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ????

2025/06/23

Хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гээд

Хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулна....

                                         Гүехэн ус урсаад далай болохгүйн адил

                                          Уйлаад чиний нулимс нуур болохгүй...

Өдөр өнжин аманд аялагдаж, тархинд тамгалагдах дуу...

Хэд хэчнээн хүн энэ дууг аялан, амьдралынх нь баяр гунигтай, аз жаргалтай, уналт босолттой цаг үеийг туулан байгаа бол гэж бодохоор дуу, уран бүтээл гэдэг өөрийн гэсэн амьтай амьдралтай, туулсан замтай, тэр хэрээрээ түүх бүтээж байдаг гэдэг үг санаанд орно.

Саяхан 30 жилийн нүсэр тоглолтоо хийж байсан “Хурд” дахиад л тоглолтоо хийж, дахиад л сэтгэл гэгэлзүүлж, түүхээ зурсаар...

Шөнийн 00 цагт тоглолт тарсан хүмүүс хотын гудамжаар задарч байгаа хэлхсэн сувд шиг сад тавин алхах зууруу тэдний дууг үргэлжлүүлэн алхаж, дурсамж хүүрнэж, магадгүй үргэлжлүүлэн доргихоор хөөрөн сагиж, машинууд өдөр мэт түгжирч, их хотын амьдрал өдөр мэт түжигнэнэ. “Хурд”-ын эрчим хот даяар түгж байх шиг.

Харин яг энэ үед хэзээнээсээ том ахын үүрэг гүйцэтгэдэг Ганбаяр хэн нэгэнд, юунд ч юм санаа тавьж, халуун цөстэй, шатам эрч хүчтэй Отгоо хөөрсөн багийнхантайгаа сэтгэлийн хөдлөлөө илэрхийлж, тайзан дээр урж байсан Цогоо өөрт нь энэ их баяр хөөрөл огт хамаагүй юм шиг хаа нэгтээ хээв нэг жишимгүй царайлаад зогсч, баг хамт олон, тайз, хөгжмийнхөн “Том ажлын ард гарлаа” гэж амсхийж байгаа даа гэж бодогдоно.

Угаасаа тийм сонин нөхөр л дөө, Цогоо... Энгийн үедээ даруухан, дуугүй, бүтэн өгүүлбэр хэлдэг ч юм болов уу гэмээр, даруухан гэхэд хэтэрхий даруухан. Тайзан дээр гарахаараа цаанаасаа нэг ихэмсэг бардам, бага зэрэг хэгжүүн хэнэггүй, гэнэт огцом оргилж буй галт уул шиг. Хоолой нь хэтэрхий намуухан, арай л даруухан юм шиг мөртлөө хэзээ ч тасрахгүй, дээшлэх тусам хүчийг авах мөртлөө цуцашгүй нэг тийм зэвүүн мөртлөө ялдам, дөлгөөн.

Харваас зөөлхөн зантай, бүхнийг эвлэрүүлэгч царайтай Ганбаяр, галзуу цөстэй Отгонбаяр, бараг л оффисын ажилтан шиг төлөв царайтай, мөртлөө галзуу ритмтэй Нааяаа .... бүх бөмбөрчдийн адилаар бөмбөрийнхаа ард л саагиж, бусдын нүднээс нуугддаг Отгонбаатар...хаана ч хэзээ ч тайзны ард л байдаг Даваа...  Хорвоод гайхашруулж, гар гараасаа атгаж яв гэж цаанаасаа заяасан юм шиг “Хурд”...

 

Маркетинг маркетинг... бас дахин маркетинг

“Хурд”-ын тоглолтонд 15 мянга орчим хүн цугласан болов уу гэнгүүт манай монголчууд дундаж тасалбар 60 мянга, фен зон 120 мянган төгрөг гээд юу юугүй үржүүлээд мөнгөний тоо гаргах гээд үзчихнэ лд ээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд үүнээс 2-3 дахин их хүн цугласан гэхээр Улаанбаатарын шоу энтертаймент зах зээлийг бас чиг басаж болохгүй мэт. Сая гаруй хүн амтай, шөнийн идэвхтэй амьдрал тасардаггүй метрополис хотын хувьд Улаанбаатарчууд задгай талбайн шоуг зад хийж сурч л байна.

 

Хэдхэн жилийн өмнөх шиг хог, оочер дараалал, жорлонгийн хэрүүл, гомдол бараг л намжсан мэт.  Өмнө нь хамтлаг, дуучид тоглолтоо хийх гэж бор зүрхээрээ мачийн зүтгэсэн байсан бол тоглолт зохион байгуулагч тусдаа продакш нь баг ч ажилладаг болж. Энэ удаагийн “Бүсгүй” тоглолтыг зохион байгуулагч Амараа хэмээх нэр содон сонсогдож байсан.

Гэхдээ энэ удаад “Хурд”-ийн маркетинг баг бол супер байсан, байх ч юм байна гэдгийг давхар хэлмээр санагдсан.  Зөвхөн энэ удаагийн тоглолт бус. Мэдээж 30 жилийн ойн арга хэмжээ бол бүхэл бүтэн үргэлжлэх цогц цурал арга хэмжээ байсан. Төв цэнгэлдэхийгдоргиосон нүсэр том тоглолтын араас орон нутгийн цуврал аялал тоглолт... Ойлгомжтой.

Харин үргэлжлүүлээд яах бол? Домгоо бататгасаар байх уу, шинэ өөр өнгө төрх, уран бүтээлийн өөр эрин зуунд шилжих үү? Бяцхан амсхийлт авах болов уу гэсэн асуултад тэд эсрэгээрээ маркетингийн маш том цувралыг  гаргаж ирсэн. Зөвхөн “Бүсгүй” уран сайхны кино, гадаад дахь аялан тоглолт, Эмэгтэйчүүдийн баярын тоглолт гээд зөвхөн нэг дуун дээрээ тулгуурласан мэт боловч 30 жилийн тоглолтоо давалгаа болгон залгуулсан маш нарийн тактиктай маркетинг байлаа.

Маркетингийн давлагаа яг далайн давалгаа шиг үргэлжилсээр. Алтан пянз, зөвхөн домогт зориулсан 190 гаруй улсад Монгол Улсын үнэт цааш болон арилжаалагдах шуудангийн марк. Чингис хааны их музейд хийсэн хэвлэлийн бага хурал гээд л. Тэдний маркетинг дараагийн удаад юу бодож олж, хэрхэн гайхашруулахыг чөтгөр ч таашгүй

Тоглолтын үзэгчдийн тухай ярих бас л илүүц лд ээ. Үсээ шидэлсэн рокууд ,учир битүүлэг царайтай, сэтгэлийн хөөрлөө төдийлөн ил гаргадаггүй гэмээр цэмцгэр Z үүд, зүгээр л нэг үдэш сад тавьж байгаа дунд үеийнхэн.

Түрдэг тэрэгтэй жаахан хүү жаргаж сонсож байгаа энэ мөч бол үнэхээр гайхамшигтай. Эгэл бор хувцастай, саяхан л барилгын талбай ч юм уу, ажил дээрээсээ ирсэн болов уу гэмээр залуу, нүүр нь шороотой ч жаргалтай гэгч нь “Хурд”-ын дууг сонсон зогсоо дүр зураг. “Хурд” ч гэсэн төмөр замын буйдхан тосгоноос төрөн гарсан эгэл түүх нь өнөө цагийн Америк мөрөөдлийн биелсэн жишээ.

Тэнд бас Монголын топ мисс бүсгүйчүүд хөгжилтэйеэ бүжиж, хагас сая төгрөгний үнэтэй VIP суудлыг огтхон ч эргэлзэхгүйгээр хамгийн түрүүнд захиалах фенүүд нь бий. Өмнөх 30 жилийн ойн тоглолтыг талаар “Хурд хурдлаарай буюу хорвоогийн олон өнгө” бичиж байсан билээ лд.

Шоуны “сүнс”-тэй Өөжгий Лхагваа хоёр

Энд бас тоглолт шоу, уй гашуу гээр Монголын рок попынхны халуун ам бүлийн үйл явдал болгонд байж л байдаг, байх л ёстой хоёр эрхэм байж л байсан. Халуун шорвог  үгтэй ч юм шиг мөртлөө байгаагаараа л өөрийгөө тунхагладаг Өөжгий, хаа ч юунд ч дутаж хоцордоггүй, халуун сэтгэлт Лхагваа. Уг нь “Сүнс” хамтлагийн дуучин Лхагвасүрэнг одоо ер нь Рок попынхны ерөнхий ЗБ, эвлэрүүлэн зохицуулагч гэж нэрлэмээр. Бараг ч тэгж нэрлэдэг байх. Хэвлэлийн хэддээ санаа тавин зохицуулж, гүйсэн халуун сэтгэлтэй Лхагваадаа баярлалаа.

Гэснээс тоглолтын өмнөх өдөр  Халхын хамгийн хэрүүлч лайвчинтай халз тулсан Өөжгий тоглолтын дундуур тикетэд оочерлосон бөөн хүмүүс дундуур хээв ч үгүй алхаж явсан. Бараг тикет олж өгөх гээд

-Орохгүй яасан юм бэ гэсэн чинь

-Би чинь ийм хөгжим мөгжим сонсохоор бүр залхаад байдаг шт гэсэн маягийн юм яриад байсан чинь мань эр тоглолтын бүх хөгжим хэрэгслийг “базаж” байж. Байсгээ л “Хөгжим ямархуу дуугарч байна” гэж асуугаад яваад байж. Хүмүүсийн амнаас сонсох нь ээ   Social Pay паркийг хага доргиосон хөгжим, хэрэгслийг анх Батлан хамгаалах яам 5 сая ам.доллараар аваад хоёр жил гаруй цэнгэлдэхэд “хэвтэж”, хамаг юм нь эвдэрч хэмхэрсэн байсныг Өөжгий өөд нь татаж, 100 гаруй засч сэлбэсэн, одоо эргэлтэнд оруулаад нийслэлийн захиргаанд төлбөрийг нь оруулж өгдөг гэсэн үү дээ.

Бод доо, 5 сая ам.долларын хөгжим хэрэгсэл хог болоод байсан гэж...? Төрийн мөнгө уйлдаггүй, басхүү мэддэгт мэргэн цоохор гэдэг шиг мэддэг, чаддаг хүн нь юмыг амь оруулдгийн жишээ энэ. Тэр тусмаа хөгжмийг хөгжим шиг дуугаргана гэдэг угаасаа Өөжгий шиг, “Хурд” төрмөлүүдийн л хийдэг ажил л даа.

Дахиад асуулт???

 

Өнөөдөр “Хурд”-ын тоглолтонд хэдэн хүн цугласан, яасан ийсэн, домог гайхамшиг гэж ярих бараг илүүц. Угаасаа домог, угаасаа тасархай болохоор. Харин дараа нь тэд ямар алхам хийх бол???

Зүгээр л “Хурд” яагаад ингэж хүмүүний сэтгэлд урт удаан настай оршдог вэ гэж бодохор яалт ч үгүй амьдралаас урган гарсан сэтгэлийн үг, сэтгэлийн утас хөндсөн хөг аялгуунд байдаг хэрэг.

Нөгөөтэйгүүр хүний амьдралын нандин бүхэн дурсамж байдаг болохоор 30 жилийн өмнө анхны хайртайгаа учран догдолж, дэрвэж явсан залуугийн сэтгэлд, 30 жилийн өмнө аав аа алдаад энэлж суухдаа сонссон “Аавдаа би хайртай”, 30 жилийн өмнө цэрэгт мордож, эсвэл цэргээс халагдаж ирж байсан залуусын дурсамжид “Цэргийн бодол” үргэлж амьд байдаг болохоор бүр ч илүү үнэтэй бөгөөд мартагдашгүй байдаг байх. 

Басхүү хүчтэй сүнстэй уран бүтээлийн бас нэгэн гайхамшиг нь өнөөдөр ч 15 настай цахилж яваа охид хөвгүүдийн, утас комьютерээс өөр юм мэддэггүй гэж зэмлүүлэх болсон орь залуу настнууд ч “Бүсгүй”, “Чимээгүй ирэх дурлал”, “Нулимсаа тэвчье”-ийг анх сонсоод л “Ийм гоё дуу гэж үү...” гэж шууд хүлээн авч чаддаг. “Эх орон”, “Монголоороо гоёдог”, “Монголтойгоо адилхан”... ийг бол мэдэхгүй найман наст ч ная наст ч байхгүй, Монголд.

 Ердөө л хоёр хүрэхгүй жилийн өмнө 30 жилийн ойн нүсэр тоглолтоо хийсэн тэд энэ удаагийн тайзнаас 30 жилийн арга хэмжээгээ үүгээр отголж буйгаа албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ дараагийн 40, 50 жил хамтдаа дуулсаар байх болно гэж амлалаа.

Дахиад асуулт:

Дараагийн алхам юу байх бол “Хурд”-чууд аа. 

Гайхалтай нь “Хурд”-ын амбици нэгэнт ХИТ болсон бүтээлүүдээ улиг болтол нүдэх биш л болов уу?

А.Туяа

Гэрэл зургуудыг:

МУСГЗ Т.Чимгээ

"Монголын үнэн"

SONIN.MN

 

Холбоотой нийтлэл: "Хурд" хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын сурвалжлагыг дор дарж уншина уу 

 

“Хурд” хурдлаарай буюу хорвоогийн олон өнгө 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна