• Эхлэл
  • “Төрийн жинхэнэ хутгуур” хэн байсныг мэдсэн үү, шинэ Ерөнхий сайд аа

“Төрийн жинхэнэ хутгуур” хэн байсныг мэдсэн үү, шинэ Ерөнхий сайд аа

2025/06/16

Шинэ засаг бүрдэхийн өмнөх улстөр халж, бүр шатаж эхэллээ. Яг одоо  Г.Занданшатар салаа замын дунд ацан шалаанд орчихлоо. Бүр тодруулж хэлбэл мань эр  Л.Оюун-Эрдэнийг унагахын өмнө аль хэдийнэ тохирчихсон  “ханцуй доторх наймаа”-г илүүд үзэж урвагч сайд нараар танхимаа бүрдүүлэх үү, УИХ-ын 30  гишүүний  шаардлагыг хүлээж авч цэвэр намтартай шижигнэсэн улстөрчдөөр шинэ танхим бүрдүүлэх үү гэдэг хоёр замын алийг нь сонгохоо мэдэхгүй “үсээ үгтээж” байна.

Яг үнэндээ УИХ-ыг шөнө дөлөөр хуралдуулан барин Засгийн газрыг унагасан нь санамсаргүй  тохиолдол биш байсан юм. Учир нь дараагийн буюу Г.Занданшатарын толгойлох Засгийн газарт хэн хэн багтах нь хэдийнэ тодорхой болчихсон байв. Тэр ч утгаараа төрийн тэргүүн хар шөнөөр чуулганы танхимд сүрийг бадруулан заларч, УИХ-ын гишүүдийг тас загнаж дарамталсан билээ. “Засгийн газрыг унагахгүй боль хохь чинь” шүү Засгийн газрыг ордоны хуйвалдаанаар унагасан болохоор ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй найман сайд Ерөнхий сайдаасаа урваж танхимынхаа эсрэг кноп дарсан юм. Ордоны хуйвалдаан ёсоор шинэ засгийн тэргүүнээр Ерөнхийлөгчийн ойрын хүн тавигдаж, ордоны хуйвалдааны гол хорыг найруулсан эдгээр сайд нар суудалтайгаа үлдэх тохироотой байв.

Гэтэл 30 гишүүн гэдэг “газар доорх гай” гэнэт гарч ирж, хэн ч сонссон эрүүл зөв шаардлага тавьж Г.Занданшатарыг ацан шалаанд оруулчихав. “Урвагч сайд нарт ахиад сайдын суудалд залрах боломж битгий олго. Та нар ажлаа хийж чадахгүй байна гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан. Гэтэл яагаад түүний Засгийн газрын сайд нарыг суудалд нь буцааж залах гээд байгаа юм” хэмээн чанга дуугарч, хатуу шаардлага тавина гэж ордоны хуйвалдааныг санаачлагчид тооцоогүй байсан юм.  Яг одоо тэд “Ингэнэ гэж хэн санахав дээ” гэж амаа барин сандралдаж байна.

Сүүлдээ өнөөдүүл маань “Ичсэн хүн хүн ална” гэдгийн үлгэрийг ч үзүүлээд эхэлчихлээ. Наад захын жишээ гэхэд л аль хэдийнэ огцорч тамгаа хүлээлгэж өгсөн Л.Оюун-Эрдэнэ рүү сошиалаар сум нүүлгэсэн шигээ түнтгэнэж сууна. Ингээд ч зогссонгүй. Г.Занданшатарт шаардлага тавьсан УИХ-ын гишүүдийг хууль, шүүхийнхэн ил, далдаар сүрдүүлээд эхэлчихэж.

Ийм эгзэгтэй цагт шинэ Ерөнхий сайдад дайх хоёр том сануулга байна. “Нэг урвасан хүн мянга урвадаг” гэсэн айхавтар үг бий. Энэ өнцгөөс харвал шинэ зарчмаар ажиллах шинэ Ерөнхий сайд шинээр бүрдүүлэх танхимдаа урвагч сайд нарыг багтааж огт болохгүй. Тэд Л.Оюун-Эрдэнээс урвасан шигээ өөрөөс чинь бас урвах болно. Жам нь тийм юм.

Одоо хоёр дахь буюу хамгийн том сануулгыг шинэ Ерөнхий сайдад дайя. Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх эсэхийг шийдсэн чуулганы хуралдааны үеэр “Ерөнхийлөгч бид хоёрын дунд хувь хүний асуудал байхгүй. Бид хоёрын дунд янз бүрийн юм ярьдаг хүн бол бий” гэж хэлсэн дээ. Бас гурван сарын өмнө “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг хоорондоо зөрчилтэй байна л гэдэг. Эсвэл та нарыг хагаралдуулах гэж ийм яриа гараад байдаг юм уу” гэсэн асуултад Л.Оюун-Эрдэнэ “Хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улстөрд бол ийм хов зөөгчдийг муужгайнууд гэдэг” хэмээн хэлсэн байдаг.

“Төр хутгасан”, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дунд хов зөөсөн тэр хүнийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гэх жиг жуг яриа төрийн ордон хавиар хэсэг эргэлдсэн. Гэтэл жинхэнэ хутгагч нь Н.Учрал биш Гадаад харилцааны сайд нь байсан гэх шинэ “шум” дэгдчихэж. Хэрэв энэ сайд номер нэгт ойр байдаг гэх давуу талаа ашиглан худал, үнэн нь мэдэгдэхгүй элдэв хов зөөж, Засгийн газрынхаа тэргүүнийг унагахад голлох үүрэг гүйцэтгэсэн бол таны хамгийн болгоомжлох ёстой хүн болж таарч байна. Монголчууд эртнээс “төр хутгагчид”-ийг, төрийн өндөрлөгүүдийг хагаралдуулан үймүүлэгчдийг жигшин зэвүүцэж, түүхийнхээ хуудаснаа сануулга, сэрүүлэг болгон тэмдэглэж цохсоор ирсэн ард түмэн. Энэ өнцгөөс харсан ч тэр таны хамгийн их болгоомжлох хүн бол “төр хутгагч” буюу “ордоны ховчид”  юм.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна