УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Г:Занданшатарыг томилох асуудлаар асуулт хариулт үргэлжилж байгаа талаар бид мэдээлсэн. Чуулганы хуралдаан 6 гаруй үргэлжилж шинэ өдөр эхлэхтэй уралдан буюу 00 цагийн орчимд санал хураалт явуулж, 108 гишүүний 92.3 хувийн саналаар дэмжин, баталлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр томилогдсон Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Гэхдээ эл тодотгол төсвийн хэмнэлт рүү чиглэнэ.
Төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Үргүй зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танахгүй бол цаашдаа улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувь, Засгийн газрын нэгдсэн төсвийн 12 хувьд хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.0 хувийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Энэ хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах бодлогыг боловсруулж байгаа бөгөөд анхан шатны тусламж, үйлчилгээг үе шаттайгаар сайжруулж байж хүн амын эрүүл мэнд сайжирна. Гэхдээ эл салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо одоогоор байхгүй гэж мэдэгдсэн юм.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Шударга ёс баялгийн тэгш хуваарилалт, мега төсөл, бүсчилсэн хөгжил, шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу.
Шинээр байгуулагдах Засгийн газар МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ -ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Загсийн газрын үйл ажиллагааны хөтлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататган ажиллах болно.
Мөн өнөөдөр УИХ-ын гишүүдийн асуусан асуулт, санал дүгнэлтэд үндэслэж үйл ажиллагааны хөтөлбөрөө баяжуулж засч залруулж цаашдын зорилгоо шинэчлэн тодорхойлох болно.
Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно.
Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.
Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ.
Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ ” хэмээлээ
Сэтгэгдэл байхгүй байна