• Эхлэл
  • "АН чуулганы санал хураалтад оролцохгүй"

"АН чуулганы санал хураалтад оролцохгүй"

2025/06/02

 

"АН чуулганы санал хураалтад оролцохгүй"

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.06.02/ болж хуралдаанд оролцогчдын 73.9 хувь нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дараа АН-ын бүлэг дахин хуралдсан юм. Тус бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.


Тэрбээр "АН-ын бүлэг өглөөний 10:00 цагаас эхэлж хуралдлаа. АН бүлэг дээр санал хураалт явагдсан. Санал хураалтаар АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож, ирцээ бүртгүүлнэ. Үгээ хэлнэ. Үүний дараа АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалтад оролцохгүй.

Ирцээ бүртгүүлсэн гишүүд санал хураалтад оролцохгүй гэдэг нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар дэмжээгүй гэсэн саналын томьёололоор тооцогдоно.

Тиймээс АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төсөлд санал хураахаас өмнө чуулганы танхимыг орхиж гарна гэдэг шийдвэр гаргасан. АН, ТББХ-ны хуралдааны дараа нууцаар санал хураалт явуулсан. Нийт 39 гишүүн оролцсоноос 23 гишүүн дээр дурдсан АН-ын бүлгийн шийдвэрийг дэмжсэн. Бид ирцээ бүртгүүлж, чуулганы хуралдаанд оролцож байгаа нь Засгийн газрын сүүлийн нэг жил орчмын хугацаатай холбоотой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Чуулганы хуралдаанд оролцохгүй байх, санал хураалтад оролцохгүй байх гэдэг чинь хоёр өөр шүү дээ. Үүн дээр бид байр сууриа нэгтгэсэн" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна