МАХН-ын суу алдарт удирдагч, "Number one" буюу Н.Энхбаярын хаанчлалын үед "Индүү залгасан ч Энхбаяр" гэдэг үг гарсан байдаг юм. Тэгвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн үед нүд цавчих хооронд нэг хулгай гардаг болов. Хулгайлах юм мундсан юм шиг үг хүртэл хулгайлна.
Тодруулбал, өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асууудлыг хэлэлцэхээр товложээ. Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон сайд нарын 100 хувийн саналаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг баталсан байдаг юм. Энэ асуудлаар УИХ өнөөдөр эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Товчхондоо Засгийн газар огцрох, эсэх тухай асуудал юм.
Учир нь Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн орлогоо нотолж чадаагүй тансаг хэрэлээний улмаас иргэд, залуус хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийгээд 19 дэх өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний гэр бүлийнхэн энэ хугацаанд орлогоо нотлох талаар ямар ч үйлдэл хийгээгүйн улмаас "Орлогоо нотол" жагсаал эцэстээ огцруулах жагсаал болон хувирсан билээ.
Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хугацаанд намын Бага хурлаа зарлан хуралдуулж, АН-ыг хамтарсан Засгийн газраас хөөх шийдвэр гаргуулсан. Харин өөрөө огцрох өргөдлөө өгөхөөр амласан боловч ч мөн л амлалтаасаа буцаж, өөрөө өөртөө итгэл үзүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргуулсан. Гэтэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганд уг асуудлыг оруулж ирэхдээ "итгэл үзүүлэх" биш, "итгэл хүлээлгэх" болгож томьёоллыг нь өөрчилсөн байна.
Нэгдүгээрт, Засгийн газар, Ерөнхий сайд огцрох уу, үгүй юу гэдэг чинь хуулийн асуудал. Хуулиндаа "итгэл үзүүлэх эсэх" гэж бичигдсэн байдаг. Харин "итгэл хүлээлгэх" гэдэг бол шал өөр ойлголт. МАН мань хүнд итгэл хүлээлгээд намын даргаар сонгосон, Ерөнхий сайдаар томилсон байж болно. Нэг ёсондоо итгэл хүлээсэн хүн шагнагдаж, дээшээ дэвшдэг бол итгэл алдсан нөхрийг цаашид энэ хүнд итгэсээр байх уу, үгүй юу? гэдгийг ярьдаг. Сүүний мөнгийг нь хулгайлаад "сига" тоглоод байгаа хүүхдээ ээж нь "Чи дахиад хулгай хийх үү, үгүй юу?" гээд гарыг нь торлогддогтой яг адилхан. Итгэл хүлээлгэх тухай огтоос биш.
Сайн бөх унаж явахдаа ч мэх хийдэг гэдэг шиг Ерөнхий сайд маань унаж явахдаа хүртэл манийгаа дахин "тонгорч" байна. Нүд цавчих хооронд л нэг хулгай...
Б.ЗАЯА
ЭХ СУРВАЛЖ: INEWS.MN
Сэтгэгдэл байхгүй байна