СӨҮЛ, 2025 оны тавдугаар сарын 29 /Yonhap/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болоход тав хоногийн хугацаа үлдээд буй энэ өдөр улсын хэмжээнд 3568 санал авах байранд сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлжээ.
Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигч Ли Жэ Мён Сөүл хотод саналаа өгсөн бол “Ардын хүч” намаас /АХН/ нэр дэвшигч Ким Мүн Сү Инчеон хотод саналаа өгсөн байна.
Өглөөний 11:00 цагийн байдлаар сонгуулийн ирц долоон хувьтай байгаа нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Сонгуулийн үндэсний хороо мэдээлжээ.
Ли Жэ Мён саналаа өгснийхөө дараа мэдэгдэхдээ, манай иргэд сонгуульд идэвхтэй оролцож байж л бослого үймээнийг жинхэнэ ёсоор даван туулж чадна гээд, санал хураалт бол бүрэн эрхээ хэрэгжүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр саналаа өгснийхөө дараа Гандун, Сонпа, Сочо, Гванак зэрэг Сөүлийн хэд хэдэн дүүрэгт сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлжээ.
Харин Ким Мүн Сү өрсөлдөгч АН-ын тойрог болох Инчеон хотын Гьеян дүүрэгт саналаа өгсөн байна. “Хэрвээ та саналаа өгөхгүй бол энэ улсад найдвар байхгүй” гэж тэрбээр хэлээд, АН-аас нэр дэвшиж буй хүнд саналаа өгвөл “эрх чөлөө хумигдана” гэдгийг анхааруулсан байна. Урьдчилсан санал хураалт пүрэв, баасан гаргийн 06:00-18:00 цагийн хооронд явагдана.
Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө зургаан нэр дэвшигч өрсөлдөж байна. Лхагва гарагт танилцуулсан хамгийн сүүлийн санал асуулгын дүнгээс үзэхэд, АН-аас нэр дэвшигч Ли Жэ Мён 49.2 хувийн саналаар тэргүүлж, АХН-ын Ким Мүн Сү 36.8 хувийн саналаар удаалсан байна. Харин Шинэ шинэчлэлийн намаас нэр дэвшиж буй Ли Жүн Сок 10.3 хувийн дэмжлэгтэйгээр гуравдугаарт оржээ.
Сэтгэгдэл байхгүй байна