• Эхлэл
  • Евгения Медведева: Монголын үзэгчид биднийг маш сайхан халуун дотноор хүлээж авлаа

Евгения Медведева: Монголын үзэгчид биднийг маш сайхан халуун дотноор хүлээж авлаа

2025/05/28

 

МОНГОЛЫН МЭДЭЭ СОЁЛ УРЛАГ

g.tsogzolmaa@montsame.gov.mn
 

 

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоуны алдартнууд “Степп Арена” цогцолборт энэ сарын 24, 25-нд шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзэгчдэд толилууллаа.

Дэлхийн уран гулгалтын одод Монголд чуулж, уран гулгалтын гайхамшгийг мэдрүүлсэн юм. Энэ үеэр үеэр Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн болон Европын хошой аварга Евгения Медведева сэтгэгдлийг нь хуваалцлаа.

 

 

-Монголын ард түмэнд шилдэг үзүүлбэрээ толилуулаа. Үзэгчид та бүхний тоглолтыг хэрхэн хүлээн авав?

-Бид олон төрлийн үзүүлбэр бэлтгэж үзэгчдэд хүргэсэндээ баяртай байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголын үзэгчид бидний тоглолтыг халуун, дулаан уур амьсгалаар хүлээж авлаа. Сэтгэл зүрхээ зориулсан үзүүлбэр үзэгчдэд сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна.

- Монгол орон, монголчуудын тухай сэтгэгдлээ хуваалцаач?

-Тоглолтын бэлтгэл ажил гээд завгүй байсан хэдий ч Улаанбаатар хоттой танилцах завшаан тохиолоо. Мөн  гайхамшигтай түүх соёл, шинэ хүмүүстэй танилцсанаас гадна үндэсний хоолыг нь идэж үзлээ. Эелдэг найрсаг монголд оронд дахин ирэхдээ таатай байх болно.

-Багийнхантайгаа олон орноор аялж, тоглолтоо хийж байв уу?

-Өмнө нь манай багийн залуус шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олон улсын тэмцээнд оролцож, олон медаль хүртэж байсан. Харин энэ баг одоогийн бүрэлдэхүүнээрээ анх удаа гадаадад тоглож байна. Энэ бол манай хамт олны гадаадад хийж буй анхны нээлтийн тоглолт гэж хэлж болно.

-Монголд уран гулгалтын спорт сонирхогч, хүүхэд залууст зориулсан сургалт, мастер анги зохион байгуулах төлөвлөгөө бий юу?

-Хөгжих боломж үргэлж байдаг ч энэ удаагийн хуваарь маань бэлтгэл сургуулилт, гурван тоглолтоор хязгаарлагдаж байна. Магадгүй дараагийн удаад илүү нарийн төлөвлөж мастер ангиудыг зохион байгуулах боломжтой болно. Бүх зүйл хуваарь, зохион байгуулалтаас шалтгаална.

 

Мөн Олимпын хүрэл медальт, дэлхийн болон Европын аварга Виктория Синицинатай цөөн хором хөөрөлдлөө.

 

 

-Та Монголд анх удаа ирж байна уу?

-Үгүй ээ, би хоёр дахь удаагаа ирж байна.

-Анх ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Надад үнэхээр таалагдсан, ер бусын, бас үзэсгэлэнтэй, сонирхолтой. Бид маш их аялж байсан. Монгол орон үнэхээр үзэсгэлэнтэй.

-Монголын ард түмний тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Маш сайхан хүмүүс. Бидний цэнхэр нүд, шаргал үс олон хүний сонирхлыг татсан болов уу. Тиймээс тэд бидэнд маш онцгой анхаарал хандуулж байсан.

-Та манай үндэсний хоолыг амтлав уу?

- Монгол хоолонд дуртай, маш амттай. Монголд ирэх болгондоо шинэ зүйлийг туршиж үзэхийг боддог.

-Монголоос таних уран гулгагч бий юу?

-Тийм ээ, Монголд хамгийн сүүлд шоунд оролцохдоо нэг охиныг мэддэг болсон. Харамсалтай нь би түүний нэрийг одоо санахгүй байна, гэхдээ би түүнийг байгаа гэдгийг баттай мэдэж байна.

-Түүний ур чадварыг хэрхэн үнэлэх вэ?

-Тэр маш сайн гулгадаг байсан ч илүү их бэлтгэл хийж, уран гулгалтын ур чадвараа хөгжүүлээсэй гэж хүсч байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна