• Эхлэл
  • Давсаг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг АНУ-д хийжээ

Давсаг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг АНУ-д хийжээ

2025/05/27

 

Д

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 27 /rbk/. Хүнд давсаг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг АНУ-ын эмч нар амжилттай хийжээ.

Уг мэс заслыг АНУ-ын Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн дэргэдэх Рональд Рейганы нэрэмжит эрүүл мэндийн төвд (UCLA Health) энэ сарын 5-нд 41 настай, дөрвөн хүүхдийн эцэг Оскар Ларраинзар гэдэг өвчтөнд хийсэн байна. Тэрбээр хорт хавдрын улмаас хоёр бөөр болон давсгаа авахуулсан бөгөөд долоон жилийн турш диализ эмчилгээ хийлгэжээ. 

Давсаг шилжүүлэн суулгах шинэ аргыг дөрвөн жилийн турш боловсруулсан эмч нар болох Нима Нассири, Индербир Гилл нар мэс заслыг хийжээ. Тэд судасны холболтын тоог цөөлөхийн тулд донорын эрхтний артери, венийн судсуудыг хооронд нь холбосон нь мэс заслын явцыг хялбарчилсан байна.  

Найман цаг үргэлжилсэн мэс заслын явцад өвчтөнд нас барсан нэгэн донороос авсан бөөр болон давсгийг зэрэг шилжүүлэн суулгажээ. Шилжүүлэнсуулгасны дараа бөөр шууд ажиллаж, ялгарсан шээс шилжүүлэн суулгасан давсаг руу орж байжээ. Хагалгааны дараа диализ эмчилгээ хийх шаардлагагүй болж, өвчтөний биеийн байдал сайжирч эхэлсэн байна.

Өмнө нь давсаг шилжүүлэн суулгах мэс засал нь аарцгийн нарийн төвөгтэй судасны бүтэц болон техникийн хүндрэлүүдээс шалтгаалан боломжгүйд тооцогддог байв. Ихэнх тохиолдолд давсгийг өвчтөний гэдэсний хэсгээр орлуулдаг бөгөөд энэ нь хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин шинэ арга нь давсагны үйл ажиллагааны доголдолтой өвчтөнүүдийг эмчлэхэд шинэ боломжуудыг нээж байна.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна