• Эхлэл
  • 2023 оны онцлох үйл явдал: Гадаад бодлого-Гадаад харилцааны салбарт

2023 оны онцлох үйл явдал: Гадаад бодлого-Гадаад харилцааны салбарт

2024/01/01

Дипломатч нийтлэлч Д.Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна.

"News.mn сайтын захиалгаар бичсэн өгүүлэл. Тус сайттай олон жил хамтран ажиллаж, бас ч үгүй “Оны шагналтан” болж явсандаа баяртай байдаг гэдгээ юуны өмнө бахархалтайя тэмдэглэе. “Гадаад бодлого-Гадаад харилцаа” хэмээн гарчгаа сонгосон нь зөв бодлогоос зөв харилцаа төлөвшдөг гэсэн утга илэрхийлнэ. Бодлого, харицаа хоёр амь нэгтэй гэх үү дээ.

Залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирсэн, явуулсаар ч байна гэдгийг би байнга бичдэг, ярьдаг, ухуулдаг.

Монгол Улсын гадаад бодлого бол маш амжилттай яваа салбар юм. Гадаад бодлогын бүх чиглэлд тэнцвэрийг маш сайн хадгалж барьж байгаагийн илэрхийлэл болсон маш олон айлчлал 2023 онд хэрэгжүүлсэн. Тэнцвэр хадгална гэдгийг юу гэж ойлгож байна гэхлээр хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцаа тэнцвэржсэн, хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байна, мөн олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын харилцааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна хэмээн би хэргээр тодотгож хэлж тэмдэглэж байна. 

оёр хөрштэй гэхэд л 2023 оны намар тохиосон хоёрхон үйл явдлыг нэрлэе. Энэ нь ч дипломатын түүхэнд өвөрмөц байр суурь эзэлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжинд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад уригдан оролцохдоо БНХАУ-ын Дарга Си Жиньпинтэй уулзсан бол 7 хоногийн дараа Киргизийн Бишкек хотноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын Засгийн гарын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцохдоо БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаа ярилцжээ. Мөн Бээжинд “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтын хоёр зочин У.Хүрэлсүх, Владимир Путин нар уулзсан бол 7 хоногийн дараа Киргизийн Бишкек хотноо Монгол, Оросын хоёр Ерөнхий сайд нар уулзсан нь цаг хугацааны хувьд сонин давхцал, агуулгын хувьд хоёр талын харилцааны, тэр дундаа гурвалсан харилцааны нэн чухал арга хэмжээ боллоо гэж үзэхээр юм. Гадаад харилцааны түүхэнд ийм уулзалт төдийлөн тохиож байгаагүй. Тэгэхдээ тусмаа Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн хоёул хоёулаа БНХАУ-д нэг онд айлчилсан явдал тэр бүр тохиож байгаагүй. 2022 онд бас тохиосныг оруулж тооцвол түүхэн шинэ үзэгдэл юм. 

2023 оны хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн түвшинд Монгол-Францын харилцаа цоо шинэ түүхэн үе шатандаа гарсан. Францын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа Монгол Улсад Төрийн айлчлал хийж, ердөө хэдхэн сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Францад мөн Төрийн айлчлал (Төрийн айлчлал анх удаа болов уу) хийсэн, Монгол Улсын хувьд Франц нь чухал гуравдагч хөрш гэж нэрлэсэн бол Франц нь Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлсон. Нэмээд манай Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэхүү тодорхойлолтоо улам баяжуулж Европ дахь дотно итгэлт түнш, Онцгой эрхэт түншлэлийн харилцаатай хоёр улс гэсэн нь 2023 оны оны онцлох түүхэн үйл явдлын нэг гарцаагүй мөн.

Нийгмийн харьцангуй өөр байгуулалтай хоёр хөршөөс үл хамааран, тэгэхдээ тэр хоёр улстай тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа эрхэмлэн дээдлэх атлаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсоо нийтлэг үнэт зүйлс болгосон түншлэлийн харилцаагаа хөгжүүлж чадаж байна гэдгээ нотлосон айлчлалууд хэд хэд тохиов. Үүнд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалыг нэмж нэрлэж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэн хэлсэн:–Монгол Улс далайд гарцгүй, засаглалын ялгаа бүхий хоёр хөрштэй боловч ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон бөгөөд манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм.Энэ нь дэлхий нийтийн болон бүс нутгийн чанартай бүх асуудлаар зөвхөн хоёр их хөрштэйгээ байр суурь, бодлого яв цав нийцэх албагүй, Монгол Улс үндэсний эрх ашгаа дээдэлнэ, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэнэ, гэхдээ гадаад бодлого нь энхийг эрхэмлэсэн, идэвхтэй, олон тулгууртай байна гэсэн үг гэж буухаар байна.

Бүхэлдээ гуравдагч хөршийн бодлого тун амжилттай хэрэгжлээ. Стратегийн маш чухал салбарт хамтран ажиллахад бэлхэн байна гэдгээ 2023 онд Франц, Польш, АНУ-д (Ерөнхий сайдын айлчлал) нотлож харуулсан нь Монгол Улсын гадаад бодлогын нэг ёсны ялалт байлаа. 2023 оны гуравдагч хөршийн бодлогын хэрэгжилтийн хувьд хэргээр тэмдэглэх нэг айлчлалыг нэрлэе. Гуравдагч хөрш гэдгээр өмнө нь ямагт өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудыг ойлгож байсныг эерүүлсэн алхам хийсэн ба гуравдагч хөрш гэдэгт эртний анд нөхөр, уламжлалт найрсаг харилцаат, бүс нутгийн тэргүүлэх улс Вьетнамыг нэрлэснийг онцолж байна. Өөрөөр хэлбэл гуравдагч хөрш гэдэг нь хоёр хөршөөс гадна ямар ч улс орон байж болно, заавал ардчилалд суурилах албагүй, нээлттэй, хэнтэй ч найрсгаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгийн нотолгоо гэх үү дээ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцох үедээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан, Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үедээ Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтой уулзсан, мөн Киргизийн Ерөнхийлөгчийг урьж айлчлуулсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргизэд албан ёсоор айлчилсан, Узбекистаны Ерөнхий сайдтай Бишкект уулзсан зэрэг нь Төв Азийн улс орнуудад ач холбогдол өгч буй, хэтдээ бүс нутаг дахь гуравдагч хөрш гэж үзэх алсын тооцооны илэрхийлэл болов уу гэж үзэж байна.

Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт тогтвортой бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байна, тэр утгаар би дээрхи жишээнүүдийг нэрлэлээ. 

Уламжлалт хоёр хөршөөсөө нүүр буруулаагүй гэдгээ ч нотлож чадсаныг дээр бас жишээллээ. Хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэц бий болгох нь туурга тусгаар Монгол Улсын маань бүрэн эрхийн асуудал юм. 

2023 оны хувьд Ромын Пап бөгөөд Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн анх удаагаа Монгол Улсад айлчилсныг улс төр-стратегийн онцгой ач холбогдолтой үйл явдал хэмээн үзэж байна. “Папын айлчлал гуравдагч хөршийн бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой боллоо” хэмээн Гадаад харилцааны сайд дүгнэсэн.  

Ромын Пап Францис өөрөө “Гуравдагч хөршийн ид шид”-ийн философи тань монголчууд Та бүхний жинхэнэ баялаг юм шүү гэж үнэлсэн нь гуравдагч хөршийн бодлогод өгсөн улс төрийн том үнэлгээ байв. 2023 оны онцлох эшлэлд тооцох учиртай. Папын айлчлалыг гадаад улс орнуудын 150 орчим хэвлэл мэдээллийн төлөөлөл сурвалжилсан. Тиймээс Монгол Улс энэ өдрүүдэд дэлхийн улс орнуудын төдийгүй 1.4 тэрбум католик сүсэгтнүүдийн анхаарлын төвд байсан нь манай орны хувьд эх орноо дэлхийд таниулсан гадаад сурталчилгаа, ардын дипломатын томхон алхам болсон билээ. Энэ айлчлалаас эхлэн Монгол гэж хэн бэ, Монгол хаана оршдог вэ гэдэгт даян дэлхийн католикчууд түүртэлгүй хариулахаар боллоо. Миний бие гадаад бодлого судлаачийн хувьд “Түүхэн, Төрийн, үл давтагдах айлчлал” хэмээн дүгнэсэн ярилцлагууд хэд хэдэн ТВ, сайтуудад өгсөн.

Ерөнхийлөгч Азийн бүс нутгийн чиглэлд томхон алхам хийж Вьетнам, Лаост Төрийн айлчлал хийснийг энд онцлохын сацуу Монгол бол одоогоор хөгжиж буй орон, хөгжиж буй орнуудтай найрсгаар хамтран ажилладаг, тэгэхийн төлөө байна гэдгээ ч 2023 онд олон талт хамтын ажиллагааны зарим алхмуудаараа нотлов. 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт (Гавана), Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт (“COP28”, Дубай, АНЭУ), НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцсон, мөн Далайд гарцгүй орнуудын хүрээнд хамтран ажиллаж байгаа зэргээс харагдлаа. COP28 уулзалтын тухайд дэлхий нийтийн өмнө тулгарсан нийтлэг асуудал шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн, энэ төрлийн уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаа нотлосон, тэр хэрээрээ олон улсын хамтын нийгэмлэгт манай улсын байр суурь бэхжсэнийг тэмдэглэх нь зөв байх. 

Бүхэлдээ олон талт хамтын ажиллагаа 2023 онд эрчтэй өрнөснийг дээрхи жишээнүүд хэлээд өгнө. Гэхдээ шинэлэг алхмууд байна. Дэлхий дахины Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой, “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээнд (Женев) Гадаад харилцааны сайд оролцсоныг дурдаж болно. Хамгийн чухал нь, бүр онцлох нь “Дэлхий дахины Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт” байлаа. Нийт 20 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид ирсэний дотор хэд хэдэн Гадаад хэргийн бүсгүй сайд нар байсан. Даян дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын клуб НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Мюнхений бага хурлын үед албан бусаар ажиллаж ирсэн, түүнийг албажуулж албан ёсны форум–институц болгож тогтмолжуулсан анхдугаар чуулга уулзалтаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт хийсэн нь Монгол Төрийн гадаад бодлогын нэг том түүхэн гавьяа мөн. “Феминист гадаад бодлого” ийнхүү Монголд, Азид анх удаагаа албажжээ. 

Феминист гадаад бодлогоо цааш нь шат ахиулаад 2024 онд Улаанбаатар хотноо “Дэлхийн эмэгтэй манлайлагчдын чуулган” зохион байгуулахаар ажиллана. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Унгарын Ерөнхийлөгч хатагтай Каталин Новактай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцсоны дотор хатагтай Каталин Новакийг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэй манлайлагчдын чуулган”-д оролцохыг урьсан явдал “Феминист гадаад бодлого” дээрээ манай улс баттай зогсож байгаагийн нэг илэрхийлэл болов.

Олон талт хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэгдэх, гэхдээ манайхан анзаараагүй өнгөрсөн байж мэдэх нэг чухал алхмыг дурдах нь зөв. Олон улсын эрүүгийн шүүхэд Монголын шүүгч сонгогдсоныг би хэлж байна. Өмнө нь гурван ч удаа сонгуульд оролцсон. Харин энэ удаа Азийн бүс нутгаасаа тэргүүлэх томхон улсуудын хуульчдыг ялаад  (эхний санал хураалтаар монголын хуульч Д.Эрдэнэбалсүрэн ганцаараа 81 улсын санал авсан) өмнө нь гараад ирсэн нь хожим түүхэнд бичигдэж үлдэх дипломатын ялалтын алхам боллоо. Би их томоор, дипломатчийн өнцгөөс үнэллээ. Хожим тэгж бичигдэнэ гэсэн итгэлтэй байна. Энэ бол Монгол Улсын олон улсын нэр хүнд хэр өндөрт яваа, олон улсын харилцаанд манай улсыг тогтвортой, тууштай, итгэлтэй, найдвартай түнш улс гэж үздэг болсон, манай улсын гадаад бодлого хэр зөв зүйтэй урагшилж байгааг илтгэх томхон бодит нотолгоо боллоо. 

Цааш нь бичвэл бичихээр, дурдвал дурдахаар олон айлчлал, арга хэмжээг азнасгээд 2023 оны үр дүнгийн нийтлэлээ төгсгөе. Миний бие Элчин сайд байсны хувьд, одоо гадаад бодлогын эксперт байгаагийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 6 удаагийн айлчлал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гурван удаагийн айлчлалд сүүлийн хоёр жил хамт оролцож дагалдан явлаа. Анхлан Ерөнхийлөгч өөрөө томъёолсон “Хэлбэр биш агуулга, ёслол биш бодит ажил, нэр хүнд биш гарт баригдах үр дүн” гэдэгтээ ихээхэн ач холбогдол өгч ажилласан нь 2023 онд нотлогдсоныг тэмдэглэх нь зөв болов уу. 

Эх сурвалж:baabar.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин