“Үнээнүүд минь тугаллаад байгаарай”...
Алдарт Габриэль Маркесийн “Зуун жилийн ганцаардал” номонд ийн гардаг. Гэнэт л санаанд оромгүй тохиолдлоор бух нь хүртэл тугаллах шахаж гэнэт баяжсан эр ийн хашгирдаг. Гэнэт баяжсан эр хөлгүй найр цэнгэлийн далайд умбаж, хавь ойрынхонтойгоо өдөр шөнөгүй найрлаж, унтлаганы өрөөндөө хамба хилэн хөшиг зүүж... Гэвч нэг л өдөр хөлгүй их хөрөнгө, найр үгүй болж, эцсийн мөчид ганц үлдсэн үнээ нь хамбан хөшигийг нь гунигтайяа хивж зогсдог. Мэдээж тэр үнээ дахин тугаллаагүй.
Өнөөдөр “эрхэм” Ерөнхийлөгч маань инээд алдан малилзаж, баахан хүмүүсийг шагнаж байна. Нүдээ олсон шагнал гэж баахан баярлана. Маргааш Үндэсний тусгаар тогтнолын өдөр. Бид омогшин бахархан баярлана, нөгөөдөр амралтын өдөр.., шинэ жил. Төв талбайн гачуур саан чимэглэлээр гялалзаж, салют буудуулж, бид баярлана.
Маргааш “эрхэм” хотын дарга шил толь нь гялалзсан баахан автобуснууд төв талбайд жагсааж бид баярлана. Өчигдөрхөн ногоон автобусны хулгайг бүгд үзэн ядаж, автобусанд чихэлдэж, улаан зам дээр автобус шатаж байгаагүй юм шиг. Тэр тусмаа таны татварын хэдэн тэрбум төгрөгийг заваан ногоон автобусны нэрээр хулгайлчихаад, дахиад л татварын чинь мөнгөөр автобус авчирснаа баатарлаг гавьяа байгуулчихсан мэт малилзахад нь алга ташна.
Өчигдөрхөн мөсөн гулгуур шиг зам дээр хальтран тэшин, гэртээ ороход сургууль нь цахимжсан жаалханууд, ханиад хүрээд цэцэрлэгтээ явж чадаагүй нялх хүүхдүүд чинь харах хүнгүй бүлтийтэл хүлээж, арайхийн түгжрэн хальтран очоод үмх хоолоо хийх гэтэл тог тасарч, лаа асааж байснаа мартана. Өчигдөрхөн тог тасрахыг шилжилтийн үеийн үлгэр шиг л сонсож байсан бол өнөөдөр тог таслахаа урьдчилан мэдэгдэж, хуваарь гаргаж өгдөг болсонд нь баярлан талархана.
Өчигдөрхөн балга бензинд өнжин хонон дугаарлаж байснаа баярын өмнө палхийтэл клонкууд нээгдэхэд бид баярлан алга ташина. Яг л үнээ шиг, гэхдээ бүр загасны санах ойтой...
“Эрхэм” удирдлагууд минь шинэ жилийн орой оргилуун дарс буудуулж, найр цэнгэлээ үргэлжлүүлэн, үргэлж тугаллан, ууж идэж, хулгайлж чавчих “тугал”-ыг нь “төрүүлж” өгдөг “улны бядгүй” үнээнүүдээ харж баясна, маллана. Тэд “үнээнүүд”-ээ үргэлж ийм загасны санах ойтой байж, үргэлж “тугаллаж” байхыг хүснэ. . Дараа нь Цагаан сар... сонгууль. Малигар дарга нар улам инээж, мөнгөн бороо оруулна. Сонгуулиар үй олон “үнээ” “тугалаа” дагуулан саналаа өгнө. Дараа нь “тугал”-ыг нь нядалж идэн наргина.
Ямар вэ дээ? Тугалласаар байх уу, загасны санах ойтой “улны бядгүй” “үнээнүүд” минь.
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна