• Эхлэл
  • Зүг чигээ алдсан түмэн

Зүг чигээ алдсан түмэн

2019/11/14

“Үндэсний фронт” хөдөлгөөний Удирдах зөвлөл хэвлэлийн бага хурал зарлаж, хөдөлгөөний тэргүүн, Б.Баярмагнай, генерал З.Болдбаатар нарыг хөдөлгөөнөөсөө хөөснийг зарлав. Хөдөлгөөний шинэ тэргүүнээр тоймч Ш.Гантулгыг сонгожээ. Гурван жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулийн үеэр “200 хүний толгойг тасдаад тойрч бүжиглэх ёстой” хэмээн мэдэгдэж байсан өнөөх эрхэм...

Сануулахад өнгөрөгч баасан гаригт “Үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” ард түмний жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, УИХ-ыг сайн дураараа тарах шаардлагыг УИХ-ын даргад гардуулсан билээ. Шаардлагын хариуг УИХ-ын дарга баасан гаригт буюу 15-ны өдөр хөдөлгөөний удирдлагуудад өгөх ёстой. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол төрийн ордон луу дайрч орно гэдгээ хөдөлгөөний шинэ тэргүүн уг жагсаалын үеэр мэдэгдсэн.

Жагсаал зохион байгуулагчдын зүгээс эхний өдрийн жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон гэж мэдэгдэж байгаа бөгөөд 15-ны жагсаалд 100 мянгуулаа болж ирнэ гэж мэдэгдээд байгаа. Үндэсний фронт хөдөлгөөнийг байгуулсан талаар өнгөрөгч есдүгээр сарын 30-нд албан ёсоор зарласан бөгөөд эхний удаагийн жагсаалд энэ тооны хүн оролцсон, шөнө дөл хүртэл үргэлжилснээс үзвэл төр барьж байгаа эрхмүүдэд итгэх иргэдийн итгэл төдий хэмжээгээр унасны илрэл гэж болно.

Харин хөдөлгөөнийг удирдагчдын талаар зөрүүтэй олон мэдээлэл, хардлагууд явж байна. Энэ жагсаалын ард Ерөнхий сайд, эсвэл Ерөнхийлөгч байгаа гэх мэтчилэн. 

Гэвч иргэдийн эсэргүүцэл, бухимдал туйлдаа хүрч байгаа гэдэг нь бодитой зүйл. Ард нь хэн нуугдаж, юу хүсч байгаа зэрэг нь хоёрдугаар асуудал болж байна. Харин “Үр хүүхдийнхээ төлөө энд ирлээ. Төр засагт итгэх итгэл алдарч, амьдрал өдөр өдрөөр биш, цаг минутаар доройтож байна” гэсэн иргэдийн үг л үнэн. Харамсалтай нь тэдний хувьд ч гэсэн сонголт алга. Хэнд итгэж, юунд  зорихоо мэдэхгүй болтлоо төөрсөн түмэн аргагүйн эрхэнд “Засаглалаа сольё, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэж ярьж байна. Мэдээж ингэж хэлүүлэх шаардлага ч гэсэн хэн нэгэнд байж таарна.

Өнөөдөр УИХ дээр ирэх оны төсвийн төсөл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хийж байна. Уг нь бол “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад өөр асуудлыг давхардуулан хэлэлцэж болохгүй” гээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заачихсан. Тэгэхээр УИХ одоо уг асуудлыг хэлэлцэж, УИХ дахь олонхийн бүлэг нь “гуравдугаар хэлэлцүүлгээр батална” гэж ярьж байгаа нь ч гэсэн өөрөө хууль бус юм. Баталлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц дээр очоод шууд унах ёстой асуудал. Гэвч асуудал үүнд биш байх. Тэгвэл асуудал юунд вэ?

XIX зууны сүүлээр хэвлэгдсэн Сцилион Сегелийн “La folla criminale” /оросууд “Преступная толпа” гэж орчуулсан/ буюу Б.Даш-Ёндон гуайн “Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг” нэрээр уншигчдын хүртээл болсон уг номд “хөөрсөн, бухимдсан олон хичнээн сайн хувь бодгалиудаас бүрдсэн /зорилго нь хичнээн сайн сайханд тэмүүлсэн/ байлаа ч эцэстээ гол төлөв муу үр дагаварт хүргэсэн үйлдэл хийдэг, өөрсдийгөө хүрээлж буй этгээдүүдтэй адилаар биеэ авч явахад хүрдэг тухай өгүүлдэг. Дарангуйлчтай тэмцэнэ гээд өөрөө дарангуйлагч болдог гэсэн үг. Нөгөө "200 хүний толгой авах" ч гэсэн түүний нэг жишээ л дээ. 

Тэгэхээр энэ лав манай Ерөнхийлөгчийн хүссэн зүйл биш байх. Ерөнхийлөгч арай ч “төрийн эргэлт хийхээр” зэхээгүй байх. Өөрөө тэр төрийнхөө оройд нь сууж байгаа хүн шүү дээ.

Харин одоогийнх шиг улс төрийн нөхцөл байдал, иргэдийн уур бухимдал дээр дөрөөлөөд эрх мэдлээ зузаатгах, бүхний хаан болж, бүгдийг хяналтдаа авах гэдэг нь угаасаа манай үеийн үеийн Ерөнхийлөгчдийн туйлын хүсэл шунал байсаар ирсэн. Одоогийн Ерөнхийлөгч ч гэсэн энэ суудалд суусныхаа маргааш л Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ил, далд ярьж, хатгаж, дэмжиж явсан хүн. “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлал руу явж болохгүй шүү. Сайн ч, муу ч олонхийн, парламентын засаглалтайгаа үлдэх хэрэгтэй шүү” гээд байдаг ч бас ийм учиртай.

Тэгэхэээр асуудал юунд ч байлаа гэсэн иргэдийн төлөө бол биш байх нь. Ялангуяа төрийн эрх мэдэл дээр байгаа, түүнд ойр байгаа нөхөд иргэдийг жагсаал тэмцэлд уриалаад, дэмжээд, хатгаад ирэхээр дандаа өөрсдийнх нь эрх ашиг ард нь явж байдаг. Гэтэл хөөрсөн, даарсан, зүг чигээ алдсан хүмүүст тэр ч гэсэн падгүй болдог. Хэнд ч ашиглуулахад бэлэн байдаг. Нэг ёсондоо өөрөө өөрийгөө үгүй хийдэг.

2017 онд анх нийтлэгдэж, дэлхийн олон хэлээр орчуулагдсан "Дарангуй дэглэмийн дор тэсч үлдэх гарын авлага" гэх бичвэрийг манай нэг залуу хуульч орчуулаад нийтлэхээр бэлджээ. Тэнд:

"Тэд (дарангуйлагчид) таны уур бухимдлыг санаатайгаар дэвэргэх зорилгоор цочирдом хуулиудыг санаачилна. Та тэдгээртэй тэмцэхийн тулд бүхий л оролдлогыг хийж төвлөрөх ба тэд санаатайгаар хойш сууж, танд ялалтын хуурамч мэдрэмжийг бий болгоно. Ингэх зуураа тэд ардчиллыг аажмаар тараан бутаргах арай бага “нүдэнд өртөх” хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрүүлнэ. 

Тэд (дарангуйлагчид) зориудаар эмх замбараагүй байдал үүсгэж, үргэлжийн зөрчилдөөн, аюултай байдлын мэдрэмжийг олон нийтэд төрүүлнэ. Тэр нь таны эрх чөлөө болон иргэний чөлөөт байдлыг хязгаарлах шинэ захиргаадалтын хууль тогтоомжийг батлах гол тайлбар байх болно" гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин